ОЛОН УЛСЫН ШҮҮГЧИЙН ХОЛБООНЫ 56 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС:

2013 оны 12 сарын 03 4366 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧИЙН ХОЛБООНЫ 56 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС:

 

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гадаад харилцааны асуудал хариуцсан гишүүн Ц.Цогт шүүгч, Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ө.Уянга, Дорнод аймгийн салбар хорооны Тэргүүн З.Энхцэцэг бид Монгол Улсын Шүүгчдийн холбоог төлөөлж Олон Улсын Шүүгчдийн холбооны 56 дахь удаагийн хуралдаанд /уулзалтанд/ оролцоо ирлээ.

                                        Хуралдаанд оролцогчид болон зохион

                                            байгуулагчийн талаарх мэдээлэл

 

            Олон Улсын Шүүгчдийн холбоо нь хүний эрх, эрх чөлөөг хангах, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор 1953 онд Австри улсын Зальцбург хотод байгуулагдсанаас хойш 81 улсын шүүгчдийн холбоог эгнээндээ нэгтгэн 60 дахь жил ажиллаж байна. ОУШХолбооны 56 дахь удаагийн уулзалтыг Украйна Улсын Шүүгчдийн холбоо /дарга Олег Присяжнюк/, Олон Улсын Шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалт 5 тивийн 230 гаруй шүүгчид төлөөлөгчөөр оролцсон.

 

Энэ удаагийн уулзалт Украйна улсын Яалт хотод 2013 оны 10 дугаар сарын 5-аас 10-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм.

 

                                          

 

Хуралдааны тойм

 

2013 оны 10 дугаар сар 6-ны өдөр буюу уулзалтын эхний өдөр

 

Нийт улсуудын төлөөлөгчид өөр өөрийн харъяалагдах бүсийнхээ хуралдаанд оролцсон. Манай Улсын Шүүгчдийн холбоо “Ази, Номхон далай, Хойд Америкийн бүс-д хамаарагдах бөгөөд уг бүсэд АНУ, Австрали, Бразил, Канад, Тайвань, Монгол, Казакстан зэрэг орны төлөөлөгчид оролцсон. Мөн Ирак улсын Шүүгчдийн холбоо нь Олон Улсын Шүүгчдийн холбоонд гишүүнээр элсээгүй учир тэдний төлөөлөгчид энэ хуралдаанд ажиглагчаар оролцсон.

 

 

 Энэ өдрийн хуралдааныг манай бүсийн ерөнхийлөгч Канад улсын Шүүгчдийн холбооны төлөөлөгч Robert Blair, Австрали улсын Шүүгчдийн холбооны төлөөлөгч, бүсийн нарийн бичгийн дарга Tony Pagone нар удирдан явуулсан. Хуралдааныг нээж бүсийн ерөнхийлөгч Robert Blair үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ: “Аливаа улс орны шүүгчдэд янз бүрийн хэлбэрээр дарамт шахалт үзүүлдэг тухай олон төрлийн мэдээлэл ирдэг талаар дурдсан. Мөн бүсийн өнгөрсөн жилийн ажлын тайлан, шүүгчдийн холбооны санхүүжилтийн асуудлын талаар танилцуулсан. Үүний дараа группэд хамрагдаж байгаа улсуудын төлөөлөгчид өөрсдийгөө танилцуулсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ихэвчлэн тухайн улсын Холбооны болон мужийн Дээд шүүхийн шүүгчид, Шүүгчдийн холбооны дарга, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй төлөөлөгчид ирсэн байсан бөгөөд төлөөлөгчдийн тоо төлдөг татварын хувь хэмжээнээс хамаарч 3-6 хүртэл байв.

 

Уулзалтын эхэнд тус группын Ерөнхийлөгч Роберт Блаир /Robert Blair-Канад/ өнгөрсөн жилийн мөн хуралдааны тэмдэглэлийг баталж, хийсэн ажлын тайланг товч танилцуулав /Бразилын шүүгч Шүүхийн хараат бус байдлын талаарх судалгааны талаар танилцуулсан/.

 

Уг хуралдаанаар “Өмгөөлөгчгүй оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцдог “ тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ асуудлыг цааш нь улам гүнзгийрүүлэн задалж “өмгөөлөгчгүй өөрөө өөрийгөө өмгөөлж болох уу, өмгөөлөгчгүй хэргийн оролцогч шүүхээр асуудлаа шударга, зохистой байдлаар шийдвэрлүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааныг явуулах үед шүүгчид тулгарах бэрхшээлийн тухай, өмгөөлөгчгүй оролцогчтой хэргийг шийдвэрлэхэд шилдэг, ололттой туршлагын талаар, ямар төрлийн сургалт, гарын авлага, зөвлөмж шүүгч нар авах боломжтой байдаг, танай шүүхийн шүүгчид “зохиомолмаргааныг олж тогтоох, ийм маргаанаас урьдчилан сэргийлэх эрх хэмжээ олгогдсон уу, хэрэв тийм эрх хэмжээ олгогдсон бол энэ нь хэр үр дүнтэй байдаг, танайд хэргийн оролцогч өмгөөлөгчгүй оролцохыг зөвшөөрдөггүй ямар нэг тусгай зохицуулалт байдаг уу, байдаг бол ямар тохиолдол байгаа талаар, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар шинэчлэл хийгдэж байгаа вэ, интернет болон орчин цагийн цахим орчинтой шүүхийн процессыг уялдуулан нийцүүлэх талаар ямар өөрчлөлт байгаа талаар, талууд хэрэг маргаанаа шүүхийн бус журмаар шийдвэрлэхэд туслах ямар төрлийн арга, журам танай шүүхэд хэрэглэгдэж байгаа талаар, шүүгч нар шүүхийн бус аргаар хэрэг маргааныг шийдвэрлэх талаар ямар нэгэн үр дүнтэй сургалтанд хамрагддаг эсэх гэсэн асуудлуудаар улс тус бүрийн төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. /Энэ хэлэлцэж байгаа асуудлаар өмнө нь гишүүн орнуудын холбооноос судалгаа авсан ба Монголын Шүүгчдийн холбоо ч энэ асуудлаар судалгаа явуулсан байсан/.

 

Тухайлбал:

-Тайвань: 3 жилээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгүүлж болох гэмт хэрэгт холбогдсон бол өмгөөлөгч авахыг шаарддаг. Мөн Тайваньд гэр бүл цуцлах хэрэг маш цөөхөн гардаг учраас энэ асуудал дээр янз бүрийн бэрхшээл бараг гардаггүй. Ер нь насанд хүрсэн хүмүүсийн 1/3 нь /гуравны нэг/ хууль зүйн асуудалтай тулгардаг. Мөн хэргийн оролцогчдод эрх үүргийг нь тайлбарлаж байгаагаа шүүгч би нийгэмд хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна гэж ойлгуулдаг.

 

-АНУ: Мужийн шүүхийн хувьд өөрийгөө өмгөөлөх нь шүүхэд маш төвөгтэй байдал үүсгэдэг, тухайн шүүгч өмгөөлөгчийг оролцуулахын тулд ур чадвараа хүртэл ашиглахад хүрдэг.

 

-Австрали: Шаардлагатай тохиолдолд шүүгч хэргийн талаар 1 хуудас танилцуулга бэлтгэж, өмгөөллийн товчоонд хүргүүлдэг. Шаардлагатай эсэх талаар маш сайн судалгаа хийж, дүгнэлт гаргадаг. Төлбөрийн чадваргүй иргэдийн тухайд төр өөрөө эрх зүйн туслалцаа үзүүлдэг. Хуульчид эрх зүйн туслалцаа үзүүлсэн гэдгээрээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг. Хэргийн оролцогчдод ялах эсхүл ялахгүй магадлал байна гэдгийг нь сайн ойлгуулах хэрэгтэй бөгөөд ялах магадлалтай тохиолдолд өмгөөлөгч нар нь баримт бүрдүүлдэг бөгөөд ялагдах бол үйлчлүүлэгчдээ ойлгуулж, маргахыг болиулдаг байна.

 

-Канад: Мужийн шүүхийн хувьд иргэд өөрөө өөрийгөө өмгөөлөх асуудал төвөгтэй байдаг. Өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарах үр дагаварын талаар маш сайн тайлбарлаж өгсөн ч өмгөөлөгч авахгүй байх тохиолдол манай улсад гарсаар л. Өмгөөлөгч аваагүй этгээд сэтгэцийн хувьд эрүүл байсан ч хуулийг ойлгохгүйн улмаас уурлаж, бухимдаад зөрчил гаргаад эхэлдэг. Иймд хэргийн оролцогчийг өмгөөлөгч авах талаар сайн ойлгуулах нь чухал юм. Мөн иргэд олон нийтийн боловсролыг дэмжих сангийн тухай ярьж өгөхийг хүсдэг. Эрх зүйн туслалцааны төвүүдийг байгуулахад асар их мөнгө хэрэгтэй болдог.

Өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход 2 хүчин зүйл нөлөөлж байна гэдгийг тодорхойлсон. 1. Мөнгө, төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч авч чаддаггүй. Энэ асуудлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур орлоготой иргэдэд төр эрх зүйн туслалцаа үзүүлж байхаар шийдвэрлэсэн, мөн даатгалын журмаар зохицуулж байгаа. 2. Хуулийн хэллэг өөрөө ойлгомжгүй байгаа нь энгийн ухамсрын түвшинд ойлгох, хэрэглэх боломжгүйд хүргэдэг. Тэгэхээр хууль, тогтоомжийг интернэтийн сүлжээ ашиглан асуултад хариулах маягаар тайлбарлаж эхэлсэн. Түүнд өмгөөлөгчгүй хүн яаж шүүхэд хандах вэ? талууд нь хэн бэ? шүүх, шүүгч нь хаана байдаг талаар маш энгийн үгээр тайлбарладаг. Хүмүүс эрхээ мэдэж байвал тэдэнд, бидэнд, шүүгч нарт ч амар байна Энгийн үгээр тайлбарладаг цахим хуудас ашиглаж байгаа нь өнөөдөр маш олон хэрэглэгчтэй болсон байна. www.Educatoi.qc.ca

Түүнчлэн Канад улс өнөөдөр шүүгчдээ зориулан электрон шүүгчийн номыг гарын авлага болгон ашиглуулдаг юм байна.

 

  - Монгол: Хэргийн оролцогчдод өмгөөлөгч авах талаар тайлбарлаж өгдөг, амьжиргааны түвшинээс доод орлоготой, төлбөрийн чадваргүй хүмүүсийг өмгөөлөгчөөр хангах зорилгоор Өмгөөлөгчдийн холбоонд мэдэгддэг, өмгөөлөгч авах боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулдаг тухай болон Монгол Улсын хуулийн зохицуулалтыг Захиргааны давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт танилцуулж мэдээлэл хийсэн.

 

-Казакстан: Өмгөөлөгчгүй хэргийн оролцогчтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчээс маш их ур чадвар шаарддаг. Энэ ч утгаараа шүүгч нараас ямар сургалт явуулах талаар саналыг авч тэр дагуу сургадаг. Анхан болон давж заалдах шат тус бүрийн шүүгч нарт зориулсан сургалтын албатай юм байна.

 

Түүнчлэн, өнгөрсөн жилийн уулзалтын явцад манай талаас дэвшүүлсэн санал болох тухайн группт зүүн өмнөд болон төв Азийн зарим улсуудын шүүгчдийн хоблоог гишүүнээр элсүүлэх ажлын талаар Монголын төлөөлөгч Ц.Цогтын танилцуулгыг сонсож, улмаар уг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

 

Мөн Иракийн төлөөлөгчид /ажиглагчид/ өөрийн Шүүгчдийн холбооны болон шүүхийн талаар танилцуулга хийсэн. Өнөөгийн байдлаар Ирак улсын шүүгчдийн холбоог Олон Улсын Шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлэх асуудлыг судлахаар судалгааны 2 гишүүн томилогдон ажиллаж байгаа юм байна.

 

Эдгээр асуудал хэлэлцсэний дараа тус группээс санаачилсэн өөр нэг чухаласуудал болох Олон Улсын Шүүгчдийн холбооны ерөнхийлөгчийг томилох асуудлын талаар Олон Улсын Шүүгчдийн холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах саналын талаар хэлэлцсэн.

 

Бүсийн хуралдаанаас :

- Олон Улсын Шүүгчдийн холбооны ерөнхийлөгчийг томилох асуудалд Төв зөвлөлийн хуралдаанд Роберт Блайр үгээ хэлэх,

- Төв зөвлөлийн хуралдаанд бүсээ төлөөлөн Монголын Шүүгчдийн холбооны төлөөлөгч Ц.Цогт “Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны удидлага”-ын талаар танилцуулга хийх,

- Дараа жил “Хэргийн оролцогч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох асуудлыг үргэлжлүүлэн судлаж, хэлэлцэх,

- Шинэ гишүүн элсүүлэх талаар тухайн бүсийн орнуудын Шүүгчдийн холбоотой холбоо тогтоох талаар судалгаа хийх, тус группт шинэ гишүүн элсүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Монголын төлөөлөгч Ц.Цогтоор ахлуулж, АНУ, Австрали, Тайван, Казакстаны төлөөллийг оролцуулан зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Эцэст нь манай группын хуралдаанд Олон Улсын Шүүгчдийн холбооны ерөнхийлөгч Gerhard Reissner оролцож, баяр хүргэж үг хэлснээр хуралдаан дууссан юм.

 

2013 оны 10 дугаар сар 7-ны өдөр

 

Мөн өдөр Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлийн хуралдаан болсон эхний өдөр бөгөөд нээлтийн ажиллагаагаар эхэлсэн. Нээлтийн ажиллагаанд тус холбооны удирдах албан тушаалтанууд болон Укриан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч оролцож үг хэлэв.

 

 

 

Нээлтийн дараа “Шүүхийн Ерөнхий Зөвлөл”-ийн талаарх хэлэлцүүлэг явагдсан.

Хэлэлцүүлгийн явцаас:

 

 Олон Улсын шүүгчдийн холбооны ерөнхийлөгч Герхард Райснер /Австри улс/: ...Олон Улсын Шүүгчдийн холбоо нь “Хүний эрх, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангахад туслах” зорилгоор 1953 онд Австри улсын Зальцбург хотод анх байгуулагдсанаас хойш 60 жил болж байна. Олон Улсын Шүүгчдийн холбоо нь жил бүр өргөжин тэлсээр холбоонд олон улс орон хамрагдах болсон. Энэ хугацаанд янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байсан. Украйны Шүүгчдийн холбоо ч олон бэрхшээлийг даван туулж, өнөөдөр Олон Улсын Шүүгчдийн холбооны хуралдааныг амжилттай зохион байгуулж байгаад баяртай байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах талаар улс орон бүр янз бүрийн бэрхшээлтэй тулгарч дэгэн догонтой явж ирсэн. Ялангуяа шинээр хөгжиж буй орнуудад энэ бэрхшээл байсаар байна. Улс орнуудад улс төрийн зорилго нь шүүхийг янз бүрийн байдалд хүргэдэг. Шүүхийг улс төрийн зорилгоор ашиглах явдал улс орнуудад гарсаар байна. Мөн улс орныхоо эдийн засгийн хямралыг далимдуулж шүүхийн төсөв хөрөнгийг бууруулах явдал ч гарсаар байна. Олон Улсын Шүүгчдийн холбоо 50 жилийнхээ ойгоор судалгаа явуулахад шүүхийн захиргаа шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаагүй л байсан. 60 жил болсон ч хийх ажил их байна. Ялангуяа шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах талаар хийх ажил маш их байна. 1953 онд улс орнуудад санаанд орохооргүй их олон улсын байгууллагууд гарч ирсэн. Өнөөгийн ОУ-ын Шүүгчдийн Холбоо нь ОУ-ын нөлөө бүхий байгууллагууд болон бусад улс орны хооронд чухал гүүр нь болох зорилготой байгаа. Шүүгчдийн холбооны 4 судалгааны комисс жил бүр тодорхой асуудлаар судалгаа явуулж, холбоонд танилцуулдаг. Бид энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, алдаа оноогоо ярилцдаг гээд тэрээр цаашдийн яриандаа тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэж жишиг тогтоох хандлага сүүлийн үед эрчимжиж байгаа талаар болон шүүхийн шинэчлэлийн талаар тодорхой арга хэмжээнүүд авагдаж, хуулийн өөрчлөлтүүд хийгдэхээр хэлэлцэгдэж байгаа талаар ярив.

 

Дараа нь бүсүүдийн ерөнхийлөгчдийн мэдээлэл, судалгааны хороодын дарга нар мэдээлэл хийсэн. Тухайлбал:

 

Захиргааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Виржилиус Валансиус /Литви улс/: Шүүхийн захиргаа буюу шүүхийн ерөнхий зөвлөл нь гүйцэтгэх эрх мэдлээс хамаардаг. Европын холбооны орнууд нь гүйцэтгэх эрх мэдлийг шүүхийн захиргааны удирдлагаас ангид байх хандлагатай байна. Сүүлийн 15 жил ийм хандлагатай хөгжиж ирсэн. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах талаар ихэнх улсууд Үндсэн хуульдаа заасан байдаг. Европын холбооны улсууд өөр дээрээ Шүүхийн зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл нь гүйцэтгэх эрх мэдлийн дэмжлэггүйгээр уриалга, зөвлөмж гаргаж байна. Европын холбооны улсуудын Шүүхийн зөвлөлдөх зөвлөл нь 10 дугаар тогтоол гаргаж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдлын талаар судалж хэлэлцсэн. Үүний үр дүнд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч нэг бүр болон шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах байгууллага юм гэсэн нэгдсэн шийдэлд хүрсэн. Шүүхийн өөрөө өөрийгөө удирдах боломжийг хангах чиглэлээр зөвлөмж гаргасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүхийн төлөөлөл болох шүүгч нар нь томилогддог биш сонгогддог байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг албан тушаалтан байхгүй байх хандлага явагдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүгийн асуудал чухал юм. Хүний биетэй харьцуулахад хүн хэвийн амьдарч ажиллаж байхын тулд хангалттай ууж идэх зүйлтэй байх ёстой. Түүнтэй адил шүүхийн ерөнхий зөвлөл ч гэсэн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хангалттай санхүүтэй байх ёстой. Зарим Шүүхийн ерөнхий зөвлөл нь үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байгааг анхаарах хэрэгтэй байна гэв.

 

Европын холбооны дарга Кристоф Регнард /Франц Улс/: Шүүхийн ерөнхий зөвлөл ямар үүрэгтэй, ямар чиглэлтэй ажиллаж байна вэ гэдийг ойлгож байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд ямар нэгэн улс төрийн зорилго, нөлөө байвал устгах зорилготой байх хэрэгтэй. Франц улсад шинээр сонгогдсон ерөнхийлөгч Францын шүүх, прокурорын 20-30 %-ийг өөрчилсөн. Францад шинэчлэл явагдаж байгаа боловч шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн гүйцэтгэх эрх мэдлээс томилогддог. 5 гишүүнтэй комисс томилгоо хийдэг. Энэ 5 гишүүний 3 нь гүйцэтгэх эрх мэдлээс, 2 нь парламентээс томилогдож байна.

ОХУ, Унгар зэрэг оронд ерөнхийлөгч нь шүүхээ удирдлагадаа хянаж байна. Итали улсад шинэчлэл хийгдэж байгаа боловч улс төрийн нөлөө, зорилго их байна.

 

 

Ази, Номхон далай, Хойд Америкийн бүсийн дарга Роберт Блаир: Манай бүсэд цөөн улс орон байдаг. Далайн орнуудын хувьд бие даасан шүүхийн ерөнхий зөвлөл байддаггүй. Тайвань, Монгол зэрэг улсад шүүхийн ерөнхий зөвлөл байна. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар Монголын төлөөлөгч илүү их мэдээлэл өгөх болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн асуудлаар өөрийн гэсэн байр суурьтай байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчдийн цалин хангамж, албан тушаалд дэвшүүлэх, бууруулах зэрэг бүх л асуудал хамаардаг.

 

Африкийн бүсийн ерөнхийлөгч: “Африкийн ихэнх орон Шүүхийн ерөнхий зөвлөлийн байгууллагатай. Энэ нь шүүхэд өөрт нь эрх мэдэл өгсөн чухал зүйл гэж үзэж байна. Өмнө Дээд шүүхийн ерөнхий шүүгч хүчтэй нөлөөтэй байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонх нь шүүгч нар байдаг. Зааны ясан эрэг улсын Ерөнхийлөгч өөрөө ерөнхий зөвлөлийн дарга байдаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд хэн байсан ч шүүгчийн сахилгын асуудал шийвэрлэхэд оролцох ёсгүй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шүүгчийг сонгоход оролцож болохгүй талаар Үндсэн хуульд тусгасан хэдий ч бодит амьдрал дээрээ огт эсрэгээрээ байдаг тухай ярив.

Үүний дараа АНУ, Португал, Хорват, Монгол зэрэг улсуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Хэлэлцүүлгийн баг бүрдүүлж гишүүн улсууд болон дэлхий улсуудын хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүрсэн үр дүн, туршлага зэргийг хэлэлцэв.

Үүнд Монголын төлөөлөгч шүүгч Ц.Цогт Ази, Номхон далай, Хойд Америкийн бусээ төлөөлж, Төв зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын туршлага, алдаа оноо, хөгжлийн хандлага, шинэ хуулиуд дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохицуулалтын талаар танилцуулга хийж, оролцогчдын асуулт, саналд хариулт хэлж оролцов.

 

 

 

Өдрийн хоёрдугаар хагасд дөрвөн Судалгааны комиссын хуралдаанууд өөр өөр танхим зэрэг эхэлсэн бөгөөд манай Шүүгчийн холбооны төлөөлөгчид “Шүүхийн бие даасан байдал” сэдвийг дагнан судалдаг Судалгааны 1 дүгээр коимссын хуралдаанд оролцсон.

Тухайн судалгааны комиссын судалдаг сэдэв болох “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” –д хамаарах “шүүгчийн сонгон шалгаруулалтын” процессын тухай урьдчилан тарааж, хариултыг нь улс бүрээс авсан асуулгын хүрээнд хэлэлцүүлэг явагдсан бөгөөд төлөөлөгчид өөр өөрийн улсын туршлагыг танилцуулж, хэлэлцсэн болно.

 

 

Энд яригдсан зүйлийн заримаас толилуулахад Египт улсад бүх шүүгч нарын ердөө 2-5% нь эмэгтэй шүүгч байдаг ба шүүгчид нэр дэвшигч өөрөөс нь гадна гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн гэмт хэрэгт холбогдвол мөн л шүүгчид нэр дэвших эрхээ алддаг байна. Словенид шүүгч улс төрийн намын гишүүн байж болдог. Финландид Захиргааны Дээд шүүхийн шүүгчдийг шүүх өөрөө ямар 1 шалгуургүй сонгодог гэх мэт тохиолдлууд байдаг байна.

Судалгааны комиссын нэгдсэн тайланг эцэслэн боловсруулж ирүүлэхээр нь орчуулж нийт гишүүдийн хүртээл болгох ажлыг манай холбоо зохион байгуулна гэснийг энд дурьдав.

 

2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

 

Энэ өдрийн үдээс өмнө судалгааны комисс бүр доторхи хэсэг бүрийн төлөөллийг оролцуулж ярилцсан сэдвийн агуулга, гол санаа, анхаарал татсан асуудал бүрийг нэгтгэн дүгнэж ярилцсан.

Дараа жил “Шүүх танхим дахь хэвлэл мэдээллийн хэрэгслэл ба шүүхийн бие даасан байдал” гэсэн сэдвээр судлагаа хийхээр болсноор бүтэн өдрийн хуралдаан өндөрлөсөн билээ.

            Үдээс хойш Төв зөвлөлийн нэгдсэн хуралдаан хийж, ОУ-ын Шүүгчдийн холбооны өнгөрсөн жилийн ажлын болон санхүүгийн тайлан, анхаарал татсан асуудлууд, шинээр гишүүнээр элсэх өргөдөл гаргасан болон түүнийг судалсан тайланг хэлэлцэх зэрэг асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

 

 

 

Энэхүү хуралдаанд судалгааны комиссын ахлагч нар гаргасан дүгнэлтүүдээ танилцуулсан.

           

            1 дүгээр судалгааны комисс: Шүүгчийн сонгон шалгаруулалтын ил тод, чөлөөт өрсөлдөөнийг хангасан байдал хамгийн чухал болох мөн сонгон шалгаруулалт явуулж буй байгууллагын хараат бус байдалыг чухалчлан судалгааны дүнг танилцуулав.

 

2 дугаар судалгааны комисс: Гадаад улсын хуулйг хэрхэн хэрэглэх талаар ОУ-ын Хаагийн конвенци, ОУ-ын Иргэний эрх зүйн судалгааны комиссынхон уг комиссын хийсэн судалгааг сонирхсон талаар онцлон тэмдэглээд “Өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч”-ийн талаарх судалгааны талаар танилцуулав.

 

3 дугаар судалгааны комисс: Эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалах гэсэн 2 хүчин зүйлийг хэрхэн зүй зохистой харьцаагаар тэнцвэртэй барих, хэрхэн аль алийг нь хадгалж болох талаар хэлэлцсэн тухай танилцуулга хийв.

 

4 дүгээр судалгааны комисс: Хөдөлмөр хамгааллын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцсэн. Чухал асуудал нь ажлын байран дээрээ байсан уу? Үгүй юу? Гэдгийг тодорхойлох явдал байна гэснийг тэмдэглэв.

 

 

2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 

Төв зөвлөлийн хуралдаан үргэлжилж, Төв зөвлөлөөс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдлын талаар чухал ач холбогдол, агуулга бүхий тогтоол гаргав.

 

Олон Улсын Шүүгчдийн холбооны 57 дугаар хуралдаан 2014 оны 11 дүгээр  сарын 8-12-ны өдрүүдэд Бразил улсад зохион байгуулагдах бөгөөд Бразилийн Шүүгчдийн холбоо хаана, яаж зохион байгуулах тухайгаа танилцуулсанаар хуралдаан өндөрлөсөн юм.

Энэ дашрамд дурьдахад Олон Улсын Шүүгчдийн холбооны хуралдааны тэргүүлэгчдийн ширээнд сууж мэдээлэл хийж байгаа Ц.Цогт шүүгчээрээ бахархаж байлаа. Түүнийг танилцуулга, мэдээлэл хийсний дараа Израйл, Канад, Австрали, АНУ, Турк, Казакстан, Тайвань, Франц, Liechtenstein улсын төлөөлөгчид ирж баяр хүргэж харилцан нэрийн хуудсаа солилцсон. Мөн манай Шүүгчдийн холбоо Туркийн Шүүгчдийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж Монгол, Туркийн Шүүгчдийн холбоо санамж бичиг боловсруулахаар болсон.

 

 

Мөн хуульч, өмгөөлөгч нь хэргийн оролцогч заавал мэтгэлцэх шаардлага байна уу, эсвэл цаашаа явах уу гэдгийг судалж үздэг. Ялах магадлалгүй бол цаг хугацаа, сэтгэл санаа ямар байхыг судалдаг. Ер нь цаашаа явах нь зөв гэвэл хуульчидтай уулзаж нотлох баримт цуглуулдаг” гэсэн Австрали улсын туршлагыг  манай улсын  өмгөөлөгч /шүүхэд төлөөлөх эрхтэй/ эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хэрэглэхэд  зүйтэй юм гэсэн бодол төрж байна.

 

Ингээд Олон Улсын Шүүгчдийн холбооны 56 дугаар хуралдаанд төлөөлөгчөөр оролцуулж  олон улсын шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн эрх зүйн байдал, шүүгчдийн холбоо, тэдний өмнө тулгарч байгаа асуудлуудын талаархи үнэтэй мэдээ, мэдээлэл олж авах боломж олгосон Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөл, бидний төлөөлөгчдийг хуралдаанд оролцох боломжийг хангасан Шүүхийн ерөнхий зөвлөлдөө гүн талархалаа илэрхийлье.

 

 

Тэмдэглэлийг Дорнод аймгийн шүүхийн шүүгч З.Энхцэцэг

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ө.Уянга

 

 



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: