ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

2013 оны 12 сарын 06 4020 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ШҮҮГЧ НАРТ

 

Санал авах тухай

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/01 тоот тогтоолоор ажлын хэсэг байгуулж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг боловсруулаад байна.

Тус дүрмээр шүүгчийн ёс зүйтэй холбоотой шүүгч бидний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлыг зохицуулж байгаа учраас та бүхэн сайтар танилцаж, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор саналаа ирүүлнэ үү. Та бүхний ирүүлсэн саналыг харгалзан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах юм.

 

Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг хавсаргав.   

 

Санал хүлээн авах хаяг:

Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр

Их эзэн Чингис хааны талбай-7

Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот

email:

bataa_battseren@yahoo.com

tsogt@admincourt.gov.mn

 

Хүндэтгэсэн,

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН                                Ц.ЦОГТ



                                                          Төсөл[1]

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1.1 дүгээр зүйл:  Дүрмийн зорилго

Шүүгчийн баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; Шүүгчийн ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болсон шүүхийн бие даасан, шүүгчийн  хараат  бус байдлыг бэхжүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2 дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм нь энэ дүрмийн эрх зүйн үндэс байна.

1.3 дугаар зүйл. Шүүгчийн баримтлах зарчим

1.Шүүгч нь хүний эрхэм чанарыг дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой ухаалаг төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, албан үүрэгтээ хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгон төлөвшүүлсэн байна.

1.4 дүгээр зүйл. Ёс зүйн зөрчил   

1.Шүүгч холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн тэдгээр хэм хэмжээг дагаж мөрдөөгүй  үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

2.Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

3.Шүүгч нь хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг үл тэвчинэ.

4.Шүүгч бусад шүүгчийн үйлдсэн ёс зүйн зөрчлийг зохих байгууллагад мэдэгдээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ХАРИЛЦААНД  /СОЦИАЛ ХҮРЭЭ/                                                

                 ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

 

 

2.1 дүгээр зүйл.Ялгаварлах үзэл гаргахгүй байх

 

1.Шүүгч нь аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхсан шинжтэй үйл ажиллагаанд дэмжиж оролцох, эсхүл тийм үйл ажиллагаа явуулдаг баигууллагад гишүүн байхыг хориглоно.

2.Шүүгч нь өмчийн аливаа төрөл, хэлбэрийг алагчилж болохгүй.

 

2.2 дугаар зүйл.Байгаль орчны талаарх хандлага      

 

1.Шүүгч нь байгаль орчинд халтай үйлдэл хийхийг тэвчинэ.

         

2.3 дугаар зүйл.Зохисгүй байдал гаргахгүй байх.

 

1.Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад тийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.

2.4 дүгээр зүйл. Олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглах

1.Шүүгч олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглахдаа дор дурдсан мэдээ, мэдээллийг санаатай болон болгоомжгүйгээр байршуулахаас зайлсхийнэ.

1.1.Шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх;

1.2.Шүүгч олон нийтийн мэдээллийн сүлжээнд өөрийнх нь өмнөөс бусад этгээд энэ зүйлийн 1-д заасан мэдээлэл байршуулах, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээгээр дамжин хуулиар хамгаалагдсан мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлнэ.

1.3.Шүүгч олон нийтийн мэдээллийн сүлжээнд хэргийн оролцогчтой харилцахыг хориглоно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.  ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД

БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

 

3.1 дүгээр зүйл. Бие даасан, хараат бус байдлыг хадгалах

1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, мэргэжлийн үүрэг нь түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдралтай зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ.

2.Шүүгч албан үүргээ гүйцэтгэхдээ хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэх, албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгох, хууль тогтоомжоор зөвшөөрөөгүй шагнал, урамшуулал авахыг хориглоно.

3.Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хуульд зааснаас бусад хэлбэрээр заавар, чиглэл өгөх, авах, нөлөөлөх, урьдчилан санал хэлэхийг хориглоно.

4. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдсон аливаа этгээдийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөнө.

5.Шүүгч нь хэрэг, маргааныг хараат бусаар хянан шийдвэрлэх үүргээ зөрчихгүйгээр бусад шүүгчтэй санал солилцож болно.

3.2.дугаар зүйл.  Хэргийн оролцогчтой харилцах

1.Шүүгч хэргийн оролцогчтой эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор харьцаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлнэ.

2.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус, хэрцгий хандах, зүй бус авир гаргах, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилго, хэлбэр агууулсан аливаа үйлдлийг үл тэвчиж, таслан зогсооно.

  3.Шүүгч хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, хэргийн хүрээнд мэтгэлцэх боломжоор хангана.

4.Шүүгч нь хэргийн мэтгэлцэгч талууд болон тэдгээрийн хуульчийг хэрэг, маргаанаа эвлэрэн шийдвэрлэх талаар зөвлөн дэмжих эрхтэй боловч өөрт болон хамаарал бүхий этгээддээ ашигтай шийдвэр гаргуулах хүсэлт тавих зэргээр хөндлөнгөөс оролцож, дарамт үзүүлэхийг хориглоно.

5.Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагаар хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүгчийн туслахыг байлцуулж, тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана. Энэ тохиолдолд уулзалтын агуулгын талаар хэргийн нөгөө талд танилцуулна.

3.3 дугаар зүйл. Албаны чиг үүрэгтээ хандах

1.Шүүгч нь хуульд заасны дагуу татгалзан гарахаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хэргийн хөдөлгөөний стандартад нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.

2.Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ.

 3.Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулах, хойшлуулахыг хориглоно.

 4.Шүүгч эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болгохоос урьдчилан сэргийлнэ.

 5.Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно.

 6.Шүүх хуралдааны үед болон зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулахыг хориглоно.

 7.Шүүгч шүүх хуралдааны явцад тухайн хэрэгт хамааралгүй өөр үйл ажиллагаа явуулах, тийнхүү ойлгогдох бусад үйлдэл хийхийг хориглоно.

 8.Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.

3. 4 дүгээр зүйл. Хэргийн талаар мэдээлэх

1.Шүүгч хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон шүүхээс гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан илэрхийлэх, эсхүл хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, бусад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг олон нийтэд мэдээлэхийг хориглоно.

2.Шүүгч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны хуульд нийцсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТИЙН АЛБА БОЛОН

 ХУВИЙН АМЬДРАЛД ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

 

4.1 дүгээр зүйл. Ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлэх

1.Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тогтмол, үнэн зөв мэдүүлнэ.

4.2 дугаар зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаа

1.Шүүгч хууль, эсхүл энэ дүрэмд хориглосноос бусад тохиолдолд шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаанд оролцож болно.

2.Шүүгч шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дах бусад этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

3.Шүүгч хуулиар хүлээн зөвшөөрсөн, эсхүл шүүгчийн албан үүрэг, шүүхийн захиргаа, хууль зүйн хөгжил, боловсролтой холбоотойгоос бусад зорилгоор шүүхийн байр, техник, санхүү, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэрэгсэл эсхүл бусад эх үүсвэрийг ашиглаж болохгүй.

4.Шүүгч нь шүүгчийн албан үүргээс бусад дараах агуулга бүхий үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

4.1.Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх;

4.2.Арилжааны аливаа хэлбэрийн зар сурталчилгаанд оролцох;

4.3.Хуулиар зөвшөөрснөөс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах;

5.Шүүгч нь өөрийн хамаарал бүхий этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, хянах ажиллагаа явуулж болох боловч хамаарал бүхий этгээдийнхээ хуульчаар ажиллаж болохгүй.

6.Шүүгч өөрийн болон гэр бүлийн гишүүн, албан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байхыг хориглоно.

4.2 дугаарзүйл. Бусдын зан байдлын талаар тодорхойлох

1.Шүүгч нь шүүхэд гэрчээр дуудагдсан, Хуульчдын холбооноос даалгасны дагуу хуульчийн талаар, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд бусад хүний зан байдал, ес зүй, нэр төр, ур чадварын талаар тодорхойлохыг хориглоно.

4.3 дүгээр зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагааны хөлс

1.Шүүгч хууль болон энэ дүрмээр зөвшөөрсөн шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагааны хөлс нь бусдын нэгэн адил хэмжээтэй байна.

4.4 дүгээр зүйл. Бэлэг, зээл, өв хөрөнгө, үйлчилгээ эсхүл бусад үнэ бүхий зүйл хүлээн авах,

1.Шүүгч албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал бусад үнэ бүхий зүйл авахыг хориглоно.

2.Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээнд бусдаас өгсөн бэлэг, сэлтийг хуулиар тотоосон журмын дагуу өөрөө худалдан авах санал гаргах бөгөөд санал гаргаагүй тохиолдолд өөрийн ажиллаж байгаа шүүхэд холбогдох баримтаар хүлээлгэн өгнө. 

3.Шүүгч өөрийн нэр хүндийг ашиглан боловсрол, шашин, хандив, олон нийтийн байгууллагын ажиллагаанд зориулан зээл авах, хандив тусламж авахад биечлэн оролцохыг хориглоно.

4.5 дугаар зүйл. Нууцыг задруулахгүй байх

1.Шүүгч албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн болон өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага хувь хүний нууцыг задруулах, эсхүл өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

2.Шүүгч бусдын нууцыг задруулахгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг  авна.

4.6 дугаар зүйл.Бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах

1.Шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах зэргээр тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

4.7 дугаар зүйл. Шүүгчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх

1.Шүүгч албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоос бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгохыг зорих, бусдад ашиглуулах, албан үүрэгтэй холбоогүй иргэний үүрэг, хувийн шинж чанартай хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг хориглоно.

4.8 дүгээр зүйл. Шүүгчийн улс төрийн үйл ажиллагаа

1. Шүүгч улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

1.1.Улс төрийн байгууллагад манлайлах үүрэг гүйцэтгэх, гишүүн байх, эсхүл албан тушаал хаших;

1.2.Улс төрийн байгууллага болон нийтийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хандив өгөх, энэ талаар уриалах;

1.3.Улс төрийн байгууллага болон нийтийн албанд нэр дэвшигчийн санхүүжүүлсэн арга хэмжээнд оролцох, тэдний өмнөөс илтгэл тавих, үг хэлэх;

 

1.4.Нийтийн албан тушаалд нэр дэвшигчийг олон нийтийн өмнө дэмжих, эсхүл эсэргүүцэх

1.5.Улс төрийн байгууллагаас дэмжлэг, хандив хүсэх, хүлээн авах, ашиглах;

4.9 дугаар зүйл. Итгэл үнэмшилтэй байх

1.Шүүгч бусад иргэний адил үзэл бодлоо илэрхийлэх, шүтэж бишрэх эрхээ эдлэхдээ өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалыг бусдад тулгах, шахалт үзүүлэх, албан үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохыг хориглоно.

4.10  дүгээр зүйл. Эвлэлдэн нэгдэх

1.Шүүгч нь эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ шүүх эрх мэдлийн нэр хүндийг хэлбэрэлтгүй хамгаалан, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг чанд сахина.

                      ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД

5.1 дүгээр зүйл. Хариуцлага

1.Шүүгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг чанд сахих үүрэгтэй.

2.Шүүгч хууль болон энэхүү ёс дүрмийг үйл ажиллгаандаа мөрдлөг болгоно.

3.Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

4.Зөрчилд сахилгын шиитгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүхийн болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ.

 

Хүчин төгөлдөр болох

1. Энэ дүрмийг  20... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.



[1] Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсгийн боловсруулсан төсөл



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: