Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүдэд (мэдээлэл)

2014 оны 06 сарын 26 3938 удаа нээгдсэн

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүдэд

Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны бүтцийн байгууллага болохын хувьд тус холбоонд хууль, дүрмээр олгогдсон тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс явуулж буй шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах түүнчлэн шүүгчид болон Хуульчдын холбооны хоорондын тогтмол, үр нөлөөтэй харилцааг хангахын төлөө ажиллах үүрэгтэй юм. Хорооны үйл ажиллагаа нь Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн оролцоо, идэвхи, санаачлага дээр тулгуурлан явагдахийн зэрэгцээ нийт гишүүдийн оролцоо дэмжлэг нэн чухал.

Түүнчлэн Хуульчдын холбооны гишүүн-шүүгч нь холбооны бүтцийн бусад байгууллагад (жишээ нь Зөвлөл, Чиг үүргийн хороод гэх мэт) сонгогдсоноор шүүгчдийн байр суурийг төлөөлөн холбооны үйл ажиллагаанд оролцох, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах, бусад холбогдох хууль, дүрэм, журмаар олгогдсон эрхийг эдлэхийн зэрэгцээ үүрэг хүлээдэг хариуцлагатай ажил билээ. Гэвч сүүлийн үед Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн идэвхи санаачлага, оролцоо хангалтгүй, хуралдаа ирэхгүй байгаатай холбоотойгоор хорооны ажил удаашралтай байна. Миний бие та бүхнийг төлөөлж тус хороог хариуцан ажиллаж байгаагийн хувьд бодит байдлыг нийт гишүүддээ нээлттэй танилцуулах нь зөв хэмээн үзэж энэхүү мэдээллийг та бүхний анхааралд хүргэж байна.

Шүүгчдийн хороо 2013 оны 10 дугаар сард албан ёсоор байгуулагдснаас хойш холбогдох хууль дүрмээр олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх болон цаг үеийн асуудлаар Удирдах зөвлөл нийт 12 удаа хуралдсан боловч бүрэн ирцтэй хуралдаж байсан тохиолдол байхгүй ихэвчлэн 7-9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байна.

Тухайлбал, зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан Удирдах зөвлөлийн хагас жилийн сүүлийн хурлыг 06 дугаар сарын 09-ны өдөр зарласан ч ирц хүрэлцээгүй тул хойшлуулж, дараагийн хурлыг 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагт товлон Удирдах зөвлөлийн гишүүдэд нэг бүрчлэн санамж болгон хурлын ирц (та бүхэн УЗ-ийн гишүүдийн ирцийг www.judge.mn сайтны Гишүүний буланд нэвтрэн орж үзэх боломжтой) –ийг хурлын товын хамт бичгээр хүргүүлсэн боловч дахин ирц хүрэлцээгүй тул холбогдох асуудлуудыг шийдвэрлэж чадсангүй.

Иймд Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд өөрсдийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, гишүүдийн итгэлийг хүлээж санал авч сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд сонгуульт ажилдаа хариуцлагатай хандаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал таслахгүй байх, шалтгаантай тохиолдолд урьдчилан тайлбарлах, тухайн хуралд хэлэлцэх асуудлаар саналаа ирүүлэх болон хуралдаа цагаа барьж ирэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулна уу. Мөн Шүүгчдийн хорооны эрхэм гишүүн-шүүгчид та бүхнийг цаашид шүүгчдийн хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, санал хүсэлтээ ирүүлэх, та бүхнийг төлөөлөн сонгогдсон гишүүддээ шаардлага тавих зэргээр бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

 

                                                                                 Хүндэтгэсэн,

ХОРООНЫ ТЭРГҮҮН Ц.ЦОГТ

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: