“ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР” СЭТГҮҮЛИЙН НИЙТЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЖУРАМ

2014 оны 09 сарын 23 4044 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн

 хуралдааны 2014 оны  07 дугаар сарын 04-ний

өдрийн 05 дугаар тогтоолын 2-р хавсралт

 

“ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР” СЭТГҮҮЛИЙН НИЙТЛЭЛИЙН ТАЛААР  БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шударга ёсны хэмжүүр сэтгүүлд Монголын болон гадаад орнуудын эрх зүй хийгээд хууль тогтоомжийн мөн улс орны шүүх, олон улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн олон нийтийн байгууллага /эвлэлдэн нэгдэх/ тэдгээрийн түүхэн хөгжил, чиг хандлагын талаарх судалгааны өгүүлэл, эссэ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, ярилцлага, эх сурвалж, орчуулга /цаашид, “нийтлэл” гэх/ нийтэлнэ.

1.2.Сэтгүүл нь хууль төрөхийн өмнө; хууль зүйн онол, практик; зочны хойморь; шүүх, шүүхийн олон нийт; түүх, нийгэм-танин мэдэхүй; цаг үе, үйл явдал; эвлэрүүлэн зуучлал; гэсэн булантай байна.

1.3.Энэ журмын 1.1-д заасан нийтлэлийг сэтгүүлийн булангуудад хуваарилж нийтэлнэ.

1.4. Сэтгүүлийн редакци тодорхой сэдвээр энэ журмын 1.1-т заасан бүтээлийг судлаачдад захиалж бичүүлэн сэтгүүлд нийтэлж болно.

1.5.Сэтгүүлийн зөвлөл нь сэтгүүлийн нийтлэлийн бодлогод санал, шүүмж бичгээр өгөх, мэдээллийн чанарыг дээшлүүлэх болон үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж зөвлөх байдлаар оролцоно.

1.6.Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэл дээр болон ой, тэмдэглэлт арга хэмжээ тохиолдуулан тодорхой сэдвийг дагнах зэрэг захиалгат байдлаар сэтгүүлийн тусгай дугаар гаргаж болно.

Хоёр. Сэтгүүлийн  нийтлэлд тавих нийтлэг шаардлага

2.1. Өгүүлэл, эссэ бичлэгт ишлэлийг хуудас бүрийн доод хэсэгт стандартын дагуу үйлдсэн байна.

2.2. Өгүүлэл, эссэ бичлэгийн нэр томьёоны тайлбар, тодруулгыг дээд хэсэгт нь тусгай тэмдэгтээр тэмдэглэж, тухайн хуудас бүрийн доор дэс дараалуулан байрлуулна.

2.3.Нийтлэлд багтсан зураг (зохиогчийн), график, схем, диаграмм тус бүр нь уншигчдад ойлгомжтой байхаас гадна нэр, тайлбар, дугаар нь тодорхой байж, 300-аас дээш нягтралтай (dpi), ***.jpg, ***.psd өргөтгөлтэйгөөр хавсаргана.

2.4. Нийтлэлийг электрон  (setguul@judge.mn) хаягаар ирүүлэх бөгөөд мөн хэвлэмэл байдлаар /хамт/ ирүүлж болно.

2.5.Нийтлэл нь зөвхөн хар ба цагаан өнгө эсхүл, өнгөтөөр илэрхийлэгдхүйц байж болно.

2.6. Нийтлэлийг MS Word програмаар бичсэн Times New Roman 12 pt хэмжээтэй фонтоор, мөр хоорондын зай 1, ашигтай талбайн хэмжээ (margins): Тop 2 см, Bottom 2см, Right 2см, Left 2см байхаар ирүүлнэ.

2.7. Нийтлэлийг зохиогчийн нэр, эрхэлж буй ажил, албан тушаал, эрдмийн зэрэг цол, и- мэйл хаяг, утасны дугаарын хамт ирүүлнэ.

2.8. Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд хэвлэхээс татгалзана.

Гурав. Сэтгүүлийн нийтлэлд  тавих тусгай шаардлага

3.1.  Өгүүлэл

3.1.1. Өгүүлэл нь дараах ерөнхий бүтэцтэй байна.

А. .Өгүүллийн нэр.

Б.Түлхүүр үг.

В.Зохиогч

Г.Өгүүллийн хураангуй.

Д.Ишлэл татсан ном, зохиолын нэрс

3.1.2.Өгүүлэл нь ишлэл, тайлбарыг оролцуулан 5000-аас ихгүй, 1500-аас багагүй үгтэй ( 4-15 хүртэл нүүр) байна.

3.1.3. Өгүүлэл нь сэдвийн хүрээнд шинэлэг, сүүлийн үеийн судалгааны ажлын бодит үр дүнг тусгасан, асуудал хөндсөн, шийдвэрлэх зохистой санал дэвшүүлсэн, нэгтгэн дүгнэсэн судалгааны ач холбогдолтой байна.

3.1.4.Өөрийн дэвшүүлж буй үзэл санааг бусад эрдэмтэн, судлаачийн үзэл санаагаар баталсан эсвэл үгүйсгэсэн байна.

3.1.5.Өгүүлэлд  5 хүртэл түлхүүр үгийг бичсэн байна.

3.2. Эссэ

3.2.1. Эссэ нь 1000-аас дээш 4000-аас илүүгүй үгтэй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ.

3.3.1.Дүн шинжилгээ нь эрх зүйн үр дагаврын хувьд болон практикийг өөрчилсөн байдлаараа анхаарал татахуйц байх шаардлагыг эн тэргүүнд тавих ба дээд шатны шүүхийн /хяналтын болон давж заалдах/ өмнө гарсан нэг шийдвэрийг дурдаж, дүн шинжилгээ хийж байгаа шийдвэр нь хэрхэн тэр практикийг  өөрчилсөн, эрх зүйн үр дагавар ямар байдлаар хувьсаж байгааг тодорхой харуулсан байна.

3.3.2. Дүн шинжилгээ нь сэтгүүлийн нэг дугаарт эрүү, иргэн, захиргааны чиглэлээр тус бүр нэг нийт гурваас илүүгүй байх бөгөөд 1000-аас доошгүй 5000-гаас илүүгүй үгтэй байна.

3.4.3. Судлаачдын бүтээл, номлол байгаа тохиолдолд түүнийг ишилбэл зохино.

3.5.Ярилцлага.

3.5.1.Сэтгүүлийн редакцаас зөвшөөрсөн буюу шаардлагатай гэж үзсэн асуудлаар ярилцлага хийгдэнэ.

3.5.2.Ярилцлага нь сэтгүүлийн нэг дугаарт нэгээс илүүгүй байх бөгөөд  А/4  хуудасны 5 нүүрнээс ихгүй хэмжээтэй байна.

3.6. Эх сурвалж, орчуулга

3.8.1. Сэтгүүлд ховор, шаардлагатай материалын эх сурвалж, орчуулгыг хэвлэж болно. Ингэхдээ түүний судалгааны эргэлтийн  ач холбогдлыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.

3.8.2. Эх сурвалж, орчуулга сэтгүүлийн нэг дугаарт тус бүр нэгээс илүүгүй байна.

3.8.3.  Эх сурвалж, орчуулгын үнэн зөв эсэхийг нягтлах, татгалзах эрх сэтгүүлийн редакцад хадгалагдана.

3.8.4.Эх сурвалж, орчуулгыг ирүүлэхдээ эх материал хаана, хэзээ хэвлэгдсэн буюу бий болсныг таньж болохуйц байдлаар хавсарган сэтгүүлийн редакцад хүргүүлнэ.

Дөрөв. Нийтлэл хэвлэх.

5.1.Сэтгүүлийн редакцаас тухайн нийтлэлийг хянаж үзэн хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.

5.2.Сэтгүүлийн тухайн дугаарт нийтлэл нь хэвлэгдээгүй зохиогчид энэ тухай мэдэгдэнэ.

Тав Бусад

5.1.Энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг сэтгүүлийн редакци шийдвэрлэнэ.

 

                                                            ----o0o----

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: