МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015 оны 03 сарын 09 3386 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2015.01.10

 

            Монголын Шүүгчдийн холбоо нь гишүүдийн сайн дурын үндсэн дээр шүүгч-гишүүдийнхээ ажиллах нөхцөл, хараат бус байдлыг хангах, түүнийг улам сайжруулахад дэм үзүүлэх, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн, ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд 2014 онд энэ зорилгоо биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа.

 

            Шүүгчдийн Холбооны Тэргүүнээр шүүгч Б.Батцэрэн 2011 оны 02 дугаар сарын 16-нд Удирдах зөвлөлийн 8 гишүүний хамт 3 жилийн хугацаатайгаар сонгогдон ажиллаж, 2014 онд сонгуулийн хугацаа дууссан тул шинээр байгуулагдах Удирдах зөвлөлийн гишүүдийг дүрэмд заасныг үндэслэн, вэб сайтыг ашиглаж бүх гишүүдийн санал авч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр /тэргүүнээр УДШ-ийн шүүгч Х.Батсүрэн, гишүүнээр Ц.Цогт, С.Өмирбек, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Амардэлгэр, Б.Цолмонбаатар, Э.Зоригтбаатар, Г.Есөн-Эрдэнэ/ сонгогдон 2014 оны 4 дүгээр сарын 01-нд ажил хүлээлцэж, энэ хугацаанаас эхлэн холбооны үйл ажиллагааг шинээр сонгогдсон Удирдах зөвлөл удирдаж явуулав.

 

Холбооны гүйцэтгэх захирлаар М.Дамирансүрэн улиран сонгогдож, нягтлан бодогчоор Б.Хишигсүрэн, нарийн бичгийн даргаар Г.Мөнхсайхан томилогдон ажиллаж байна. Урьд нь ажиллаж байсан Б.Батцэрэн тэргүүнтэй Удирдах зөвлөлийн үед “Монголын Шүүхийн шүүгч ажилтнуудын шударга ёсны тунхаг” гэх баримт бичгийг боловсруулж, Ерөнхийлөгчид өргөн барьж, улмаар бүх шүүхэд хүргүүлсэн, Шүүгчдийн холбооны Их Хурлыг 2013 оны 5 сард хуралдуулж, 2011 онд батлагдсан дүрмийг Их Хурлын 2013-05-13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, гишүүдийн татварыг сар бүр 6000 төгрөг болгон 2014 оноос мөрдөх болсон, www.judge.mn цахим хуудастай,”Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлтэй болж, мөн 2012 оны 11 дүгээр сарын 14-нд Шүүгчдийн холбоо нь Олон Улсын Шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элссэн... зэрэг тодорхой ажил хийгдэж, гишүүдийн идэвхи дээшилж байсныг цаашид хэвшил болгон холбооны ажлыг улам сайжруулан ажиллахад шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд анхааран ажиллав.

 

Нэг. Удирдлага зохион байгуулалт, төлөвлөсөн ажлын талаар

 

- 2014 оны 04 дүгээр сарын 01-нд шинээр сонгогдон ажил хүлээн авсан Удирдах зөвлөлийн гишүүд Анхдугаар хуралдааныг 2014 оны 04 дүгээр сарын 18-нд хийж, “Монголын Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар хэлэлцэж, Удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцан ажиллах үйл ажиллагааны чиглэл /тэргүүн Х.Батсүрэн, Д.Мөнхтуул, Э.Зоригтбаатар нар - Удирдлага, гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дотоод зохион байгуулалтын ажлыг, Ц.Цогт- Гадаад харилцаа, цахим хуудасны ашиглалт,  С.Өмирбек, Г.Есөн-Эрдэнэ- салбар хороо, олон нийттэй харилцах,  Д.Алтанжигүүр, С.Амардэлгэр- Шударга ёсны хэмжүүр сэтгүүлийн асуудал, Б.Цолмонбаатар-сургалт, сурталчилгааны ажлыг, М.Дамирансүрэн, Б.Хишигсүрэн, Г.Мөнхсайхан нар санхүү бүртгэл, дотоод ажлыг тус тус хариуцахаар/ тогтож, 2014 онд хийх ажлын төлөвлөгөөтэй ажилласан.

 

- Шүүгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль ... зэрэг хэд хэдэн хууль шинэчлэгдэн, Монголын Хуульчдын холбоо шинээр байгуулагдаж, дүрэм, үйл ажиллагаа нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монголын Шүүгчдийн холбооны дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарч, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах, зарим шүүгчийг “Оргил” рашаан сувилалд амруулах, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн эрхийг холбооны нэр дээр шилжүүлэн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эрхлэн гаргах, редакцийн бүрэлдэхүүнийг шинээр томилох, төсөв-зардал гаргах асуудлаар холбооны тэргүүнийн захирамж 11, бусад байгууллагатай харилцах асуудлаар албан бичиг 15 гаргасан байна.

 

- Удирдах зөвлөлийн хуралдааныг 5 удаа хийж, цаг үеийн асуудал хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажилласан.

 

- 2014 онд 20 ажил хийхээр төлөвлөж, 12 ажил хийгдэж, Бразил улсад 2014 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан Олон Улсын Шүүгчдийн холбооны ээлжит хурал, 6 сард Канад улсад болсон бүсийн уулзалтанд төлөөлөгч оролцуулах, Турк улсын Шүүгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт 2 тал гарын үсэг зурсны дагуу ажил зохион байгуулах, тэргүүний салбар хороог шалгаруулах, холбооны нэрэмжит шагнал, дурсгалын зүйлийн тусгайлсан загвар, заавар боловсруулж батлуулах, Дүрэмд өөрчлөлт оруулан, шинэчлэн батлах, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг улирал бүр тогтмол гаргах зэрэг ажил тасарч, 2014 онд хийхээр төлөвлөсөн ажлын 80 хувь нь биелэгдсэн буюу биелэгдэх шатанд хийгдэж байна.

 

- Холбооны гишүүдийн бүртгэлийг шинэчлэн хийж, Удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцан хийх ажлын хуваарь, бүх салбар хороодын тэргүүний нэр, мэйл хаяг, харилцах утасны жагсаалт зэргийг бүх салбар хороо-тэргүүн нарт бичгээр болон www.judge.mn сайт, contact@judge.mn цахим хуудсаар мэдээлсэн.

Монголын хяналтын шатны шүүх-1, эрүүгийн давж заалдах шатны шүүх-10, иргэний давж заалдах шатны шүүх-10, анхан шатны 36, захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхээс нийт 38 салбар шинээр байгуулагдаж, 475 шүүгчээс 427 шүүгч гишүүнээр бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

- 2014 онд вэб сайтад 40 гаруй мэдээ, мэдээллийг оруулсан бөгөөд дүрмийн төсөлд санал авахаар, мөн Шүүгчдийн эрх зүйн байдал, шүүх, хуулийн байгууллагын болон гишүүдийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг тухай бүр сайтад байршуулах, нийт гишүүдийн бүртгэгдсэн мэйлээр хүргүүлэх зэргээр ажилласныг цаг хугацаа хэмнэсэн, ач холбогдолтой ажиллагаа гэж үзэж байна.

 

- Тайлангийн хугацаанд Удирдах зөвлөлийн шийдвэр, салбар хороодын гишүүдийн саналыг үндэслэн 26 гишүүнийг “Оргил” рашаан сувилалд буюу тухайн үед амрах боломжгүй гишүүдэд зардлыг нь өгч амруулах арга хэмжэ авч 8,341,000 төгрөг зарцууллаа.

2006 оноос 2014 оныг хүртэл 286 шүүгч амруулаад байна. Энэ онд 35 шүүгчийг амруулахаар шийдвэрлээд байна.

 

- 2014 онд Улсын Дээд шүүх /салбар хорооны  тэргүүн Т.Уранцэцэг/, Нийслэлийн шүүх /Ц.Ичинхорлоо/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүх /Н.Оюунтуяа, Т.Туяа/, Баян-Өлгий /Х.Мерамбек/, Булган /Ц.Мягмарсүрэн/, Дархан-Уул /Б.Батзориг/, Дорноговь /Н.Батчимэг/, Орхон /Н.Мөнхжаргал/, Увс /Н.Гэрэлтуяа/, Сүхбаатар /П.Болормаа/, Сэлэнгэ 2-р шүүх /Л.Энхтайван/, Төв /Б.Хажидмаа/, Ховд /С.Өмирбек/, Дорнод /н.Энхцэцэг/, Хөвсгөл /Н.Баярхүү/, Өмнөговь аймгийн Ханбогд /Г.Солонго/  зэрэг Салбар хороо, түүний тэргүүн нар татвараа бүрэн хурааж, татварын мэдээ, банкинд  тушаасан баримтыг зохих хугацаанд нь ирүүлжээ.

 

- Дорнод аймаг дахь Салбар хорооноос шүүгч Т.Энхтуяа, Н.Цогоо, УДШ-ээс шүүгч С.Нямжав, Д.Тунгалаг, П.Цэцгээ, А.Доржготов, Архангай аймгаас шүүгч С.Чулуунаа, Ц.Батмөнх, Зүүнхараагаас шүүгч Б.Бямбахорол нар өндөр насны /гавъяаны/ амралт авсан бөгөөд эдгээр шүүгч нар гавъяаныхаа амралтанд гарахад нь Дээд шүүх салбар хорооны тэргүүн Т.Уранцэцэг, Дорнод аймгийн Салбар хорооны, З.Энхцэцэг нар Удирдах зөвлөлтэйгээ холбоотой ажиллаж,  Хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэх замаар салбарынхаа хүрээнд санаачлага гаргаж, сайн ажилласан.  

Харин зарим салбар хорооны тэргүүн нар энэ талаар хийсэн ажлыг Удирдах зөвлөлд мэдээлэхгүй, холбоо муутай ажиллаж байгаа, түүнчлэн зарим салбар хороо гишүүдийнхээ татварыг дутуу хураах, Голомт банкны дансанд тушаахдаа чухам аль салбар хорооноос хэн тушаасан нь тодорхойгүй, гишүүн нэг бүрээс хураасан татварын мэдээг ирүүлэхгүй, хайхрамжгүй хандаж байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.

 

Хоёр. Гадаад харилцааны талаар

 

- Тайлангийн хугацаанд Бразил, Канад улсад болох Олон Улсын Шүүгчдийн холбооны хурал, уулзалтад оролцуулахаар урилга ирсэн боловч хөрөнгө, санхүүгийн байдлаас шалтгаалан төлөөлөгч оролцуулж чадсангүй. Гэвч энэ ажлыг хуваарийн дагуу хариуцаж байгаа шүүгч Ц.Цогт дээрх байгууллагын удирдлагатай байнга холбоотой байж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна.

Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази, номхон далай, хойд америкийн бүс улсын бүрэлдэхүүнд Монгол Улсын шүүгчдийн холбоо хамрагддаг бөгөөд энэ группд гишүүн элсүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэгт Монголын шүүгчдийн холбоо орж, шүүгч Ц.Цогт энэ хэсэгт сонгууль хүлээн идэвхитэй ажиллаж байгааг тэмдэглэж байна. 2014 онд холбооноос хийсэн ажлынхаа тайланг Олон Улсын Шүүгчдийн холбоонд хүргүүлсэн болно.

Цаашид Олон Улсын Шүүгчдийн холбооны хуралд Монголын Шүүгчдийн холбооноос төлөөлөгч оролцуулж байх боломжийг судалж байна.

 

Гурав. Холбооны санхүү үйл ажиллагааны талаар

 

- Шүүгчдийн холбооны санхүүгийн фонд нь зөвхөн гишүүдийн татвар, банкны хүүгээс бүрдэж байна. Холбооны Их хурлаас батлагдсан дүрмийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн гишүүдээс сар бүр  6000 төгрөг хурааж байна. /Үүнээс 1000 төгрөгийг тухайн салбар хороо өөртөө үлдээж зарцуулахаар байгаа/.

2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар:

2014 оны 1 сарын 1-нд фондын урьд оны үлдэгдэл 4,417,191 төгрөг байсан бол 2014 онд 21,440,988 төгрөгийн орлого орж, энэ хугацаанд 12,103,342 төгрөгийн зарлага гарч, дансанд 13,758,839 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зарлагын гүйлгээг тус бүрээр дурдвал:

ОУ шүүгчдийн холбооны татварт 916,742 төгрөг, домайн нэр ашигласны төлбөрт 269,500 төгрөг,  26 гишүүнийг амруулахад 8,341,000 төгрөг, Дархан-Уул аймаг дахь Салбар хорооны гишүүн Б.Бямбасүрэн, Дорнод аймгийн шүүгч З.Энхцэцэгийн нөхөр бурхан болоход ар гэрт нь нийт гишүүдийнх нь өмнөөс эмгэнэл илэрхийлж, 400,000 төгрөг, Дорнод аймаг дахь Салбар хорооны гишүүн Т.Энхтуяа, Н.Цогоо нарын Хөдөлмөрийн алдарыг тэмдэглэхэд 200,000 төгрөг,  гадаадын зочин-төлөөлөгч хүлээж авахад 204,800 төгрөг, бэлэг дурсгалд 150,000 төгрөг, Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирал, нябо, нарийн бичгийн дарга нарын нэг жилийн цалинд /1 хүнд 1 сард 15,800 төгрөг/ бүгд 300,000 төгрөг, утсаар ярьсан зардал 60,000 төгрөг, хурлын зардалд 186,000 төгрөг, Удирдах зөвлөлийн 3 гишүүнийг хуралд оролцуулахаар ирүүлэхэд 122,200 төгрөг, банкны шимтгэл, баланк хэвлүүлэх, чек худалдаж авах ... зэрэг бусад зардал 714,900 төгрөг зарцуулжээ.

 

- Гишүүдийн татвар хураах, мэдээ ирүүлж байх талаар 3 удаа албан бичиг явуулсан боловч зарим салбар хороо-тэргүүн нар гишүүдийнхээ татварыг зохих хугацаанд нь бүрэн хурааж, мэдээ ирүүлэхгүй байгаа дутагдал давтагдсаар байна.

Өвчтэй, хувийн чөлөөтэй байсан, сургалтанд хамрагдсан үед татвар авахгүй байх, холбооны гишүүнд шуурхай элсүүлэхгүй хугацаа алдах, шилжсэн гишүүдийн татвар хураагдахгүй завсардах, түүнчлэн гишүүдийн татварыг нэгдсэн журмаар хураахгүй, өөрт нь хариуцуулж, зөнд нь орхих... зэрэг дутагдал байгааг анхаарч ажиллавал зохино.

 

Дөрөв. Цаашид анхаарч хийх ажлын талаар

 

- Дүрэмд заасан үндсэн зорилгоо биелүүлж, шүүгч гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэргэшлийг дээшлүүлэхтэй холбогдсон сургалт...-ын арга, хэлбэрийг сайжруулахад анхаарч Удирдах зөвлөл, салбар хороо, гишүүн бүр идэвхитэй ажиллах;

- Дүрмийн өөрчлөлтийн талаар гишүүдээс гаргасан саналыг яаралтай нэгтгэн, баталж мөрдөх;

- 2014 онд төлөвлөсөн ажил 80 хувьтай биелэгдсэн байдалд дүгнэлт хийж, Удирдах зөвлөлийн гишүүн бүр хариуцсан сонгуульт ажилдаа идэвхи санаачлагатай хандаж, төлөвлөсөн ажлыг бүрэн биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах;

- Өнгөрсөн жил салбар хороог шинээр байгуулсан, шүүгч гишүүдийн шилжилт хөдөлгөөн их байсан, Удирдах зөвлөлөөс салбар хорооны тэргүүн нарыг удирдах, гүйцэтгэлийн хяналт нь төдийлөн сайнгүй байсан нь нөлөөлсөн байж болохоор байна. Энэ талаар зохих дүгнэлт хийж, салбар хороо бүр жилийн ажлын төлөвлөгөө гаргаж, хийсэн ажлынхаа үр дүнг жил бүрийн 6 сарын 25, 12 сарын 25, татварын мэдээний хамт Удирдах зөвлөлд ирүүлж хэвших;

- Шагнал, бэлэг дурсгал олгох журмын төсөл хийгдсэн байгаа боловч гишүүдийн саналыг авсны дараа яаралтай баталж, мөрдөх;

- 2015 оноос эхлэн тэргүүний ажиллагаатай салбар хороог шалгаруулан, шагнаж хэвших,

- “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг цаашид улирал бүр тогтмол гаргаж хэвшүүлэх, чанарыг нь сайжруулах,

- Олон Улсын Шүүгчийн холбоотой харилцах харилцаагаа улам сайжруулж, хурал, уулзалтанд аль болох олон төлөөлөгчийг оролцуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх,

- Вэб сайтыг “салбар хороо, гишүүн нэг бүр” ашиглах явдал туйлын хангалтгүй байгаад дүгнэлт хийж, ашиглалтыг сайжруулах;

- Салбар хорооны тэргүүн нар тухайн шүүхийнхээ Ерөнхий шүүгч нарт хийх ажлынхаа талаар танилцуулан, туслалцаа авч, хийх ажлынхаа үр дүнг сайжруулан, хамт олныхоо идэвх өрнүүлж, “Эвсэг, гар нийлсэн хамт олон”-ыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, илүү идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна.

 

Тайланг салбар хороодын гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн саналыг ирүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

 

 

ТЭРГҮҮН                                          Х.БАТСҮРЭН

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: