Олон Улсын шүүгчдийн холбооны байр суурь

2016 оны 08 сарын 24 3234 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүс

 

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Цахиагийн Элбэгдорж танаа

Улсын Их Хурлын Дарга Эрхэм хүндэт Зандаахүүгийн Энхболд танаа

Ерөнхий Сайд Эрхэм хүндэт Чимэдийн Сайханбилэг танаа

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа,

 

Олон улсын шүүгчдийн холбоо (International Association of Judges) –ны Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүсийг төлөөлөн танай Засгийн газраас санаачлан парламентад өргөн мэдүүлсэн “шүүгчдийн цалингийн санг 30 гаруй хувиар бууруулах болон шүүгчийн цалин хөлсийг бууруулахыг хориглосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг хүчингүй болгох” хуулийн төслийн талаар машид санаа зовниж буйгаа илэрхийлэн хандаж байна.

Олон улсын шүүгчдийн холбоо нь дэлхийн 80 гаруй улс орнуудын Шүүгчдийн холбоог төлөөлж ажилладаг, мэргэжлийн байгууллага билээ.

Шүүгчийн ажил, амьдрал баталгаатай байх нь бие даасан шүүхтэй, хуулийн засаглалтай улс оронд хамгийн тулгуур хүчин зүйл байдаг. Шүүгчийн цалин хөлсийг бууруулах нь шүүхийн бие даасан байдал болон эрх зүйт төрийн суурь зарчмыг хөндөхөд хүргэдэг.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал Засгийн газрыг зарим тохиолдолд төсвийн асуудлаар амаргүй шийдвэр гаргахад хүргэж болох хэдий ч энэхүү шийдвэр нь ямагт Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалсан, тэдгээрт нийцсэн байх учиртай.

Хууль ёсыг сахиулах үүргийг тухайлан хүлээсэн шүүхийн байгууллага нь улс орны хувьд онцлог үүрэг бүхий төрийн эрх мэдлийн бие даасан салбар юм. Шүүхийн бие даасан байдал нь төрийн өөрийнх нь хэвийн, зохистой ажиллагааг хангахад болон өдөр тутмын ахуй, амьдрал нь хуулийн дагуу зохицуулагддаг бүх хүний хувьд онцгой ач холбогдолтой асуудал билээ.

Шүүх нь иргэдийн дунд төдийгүй, иргэд - төр, засгийн байгууллагуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд  чухал үүрэгтэй. Хуулийн дагуу маргааныг шийдвэрлэх үүрэгтэй этгээд нь ямар нэгэн айдас, нөлөөгүйгээр тэрхүү үүргээ хэрэгжүүлнэ гэсэн итгэл, үнэмшил тухайн эрх зүйт төрт улсад амьдарч буй ард иргэдэд тогтсон байх нь нэн чухал.

Харин шүүгчийн ажиллах баталгааг хасч, бууруулах нь маргааны нэг тал болж оролцдог гүйцэтгэх эрх мэдлийн нөлөөнд шүүхийг автагдах магадлалтай болгож, улмаар хууль ёсонд итгэх иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийх аюултай.

Иймд Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүсээс Монгол Улсын Засгийн газар энэхүү сөрөг үр дагавартай алхамаа яаралтай эргэн харж, залруулахыг хүсэж байна.

 

Хүндэтгэсэн,

 

Г.Т. Пагоне

Ерөнхийлөгч,

ОУ-ын Шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүс

 

Англи хэлнээс орчуулсан Ц.Цогт

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: