Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

2015 оны 12 сарын 16 2392 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Г.Даваадорж, Т.Өсөхбаяр, Ц.Оч, Э.Зоригтбаатар нар оролцов. Шүүгч Х.Эрдэнсувд, Ц.Өрнөндэлгэр нар хуралдаанд оролцох боломжгүй байсан тул хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа бичгээр ирүүлсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд явагдсан Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийн үйл ажиллагаанд хорооны гишүүдийн оролцоо хангалтгүй болсон тул уг сонгуулийг хүчингүйд тооцож, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд  дахин сонгууль явуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү ажлын хүрээнд:

  1. Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Даваа гарагийн 10:00  цагаас 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ням гарагийн 17:00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох зарчмын дагуу www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана.
  2. Санал хураалт 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Даваа гарагийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Даваа гарагийн 17:00 цагийн хооронд явагдах бөгөөд нийт шүүгчдэд саналын хэвлэмэл хуудас хүргүүлэн /орон нутгаас шуудангаар/ санал хураалт явуулж, дүнг Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэгтгэн гаргана.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д зааснаар хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгуулиар тэргүүнийг сонгох хүртэл Ц.Цогтыг үүрэг гүйцэтгэгчээр томилж, Хуульчдын холбооны Тамгын газрын даргын тушаалаар тус хороо хариуцсан мэргэжилтнээр Эрдэнэбаатарын Чанцалнямыг томилсныг танилцууллаа.

Хороо хариуцсан мэргэжилтэн: chantsalnyam.e@gmail.com

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэрхэн гүйцэтгэх талаар хэлэлцэж нэмэлт өөрчлөлт орууллаа.

 

Шүүгчдийн хороо нь нийт шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиг үүрэгтэй учир хувьд төлөөлөх гишүүд нь шүүгчдийн олонхийн санал авч хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал билээ.

Иймд шүүгч та бүхэн гишүүний эрх, үүрэгтээ хариуцлагатай хандаж уг сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье.

 

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: