ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БОЛОН ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА

2016 оны 01 сарын 04 3815 удаа нээгдсэн

ШҮҮГЧИЙН ТОМИЛГООНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох баталгаа болдог тул ардчилсан нийгмийн аль ч үед анхаарлын төвд байдаг. Тийм ч учраас  шүүгчид хууль зүйн мэдлэг, ур чадвар, туршлага төдийгүй ёс зүй, зан чанарын хувьд бусдаас хүлээн зөвшөөрөгдсөн байж, аливаа нөлөөлнөөс ангид, хэнээс ч хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулж гагцхүү хууль, шударга ёсонд захирагдах учиртай.

Эрх зүйн системийн гол зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм нь энэхүү зорилгыг хангахад чухал нөлөөтэй гэж үздэг.[1] Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл томилгооны процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол тухайн шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн системийн легитм чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай.[2]

Тухайн улс шүүгчийн томилгоонд ямар ч аргыг хэрэглэсэн бай, энэ нь ил тод, олон нийтийн хяналт дор явагдах ёстой. Шүүхийн томилгоонд ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох нь шүүхэд ажилах хамгийн чадвартай хүнийг сонгох,  шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг олж авахад тэргүүн зэргийн ач холбогдолтой.[3] Гадны нөлөөнд автаагүй ил тод процесс нь хамгийн ур чадвартай шүүгчийг шилж сонгох боломжийг олгодог бөгөөд эцэстээ тэдгээр шүүгчид өөрсдийг нь томилсон хэн нэг улс төрийн эрх мэдэлтэн эсхүл шүүгчид өртэй үлдэхгүй.[4]

Монгол Улс нь шүүхийн шинэтгэлийг шилжилтийн үе буюу 1992 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 он хүртэл нэг л хуулиар шүүхийн зохион байгуулалт, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн захиргааны асуудлыг зохицуулж байлаа. 2013 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргалаа.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар анхан шат, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг нарийвчлан зааж, үүнийг үндэслэсэн шүүгчид нэр дэвшигчийн шалгах арга, ажиллагаа болон шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоонд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулав. Түүнчлэн шүүгчийг огцруулах, чөлөөлөх үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан эрх зүй орчныг бий болгов.[5]

Гэсэн хэдий ч судалгаанаас үзэхэд шүүгчийн сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид тавигдаж буй шалгуур бодитой, обьектив болж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан өөрийн үзэмжийн хүрээнд шийдвэрлэх бололцоо байсаар байна. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөртийн үед Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, зарим шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, зарим шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон тохиолдол гарлаа.[6]

НҮБ-ын Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчмуудын 10 дахь хэсэгт заасан “Шүүгчийн сонгон шалгаруулатын арга нь зохисгүй шалтгаанаар шүүгчийн томилгоог хийхгүй байх баталгааг хангасан байна” гэсэн зөвлөмж, түүнчлэн Европын зөвлөлийн сайд нарын хорооноос гишүүн орнууддаа зөвлөсөн  "Шүүгчийн үүрэг болон ажлын бүтээмж, хараат бус байдлын тухай" зөвлөмжид “шүүгчийн хувийн кареертэй холбоотой аливаа шийдвэр, шүүгчийн сонгон шалгаруулалт нь мерит зарчим болон мэргэшсэн байдал, шударга чанар, ур чадвар, ажлын үр дүн зэрэг бодит шалгуурт тулгуурлах ёстой[7] гэсэн дүгнэлт манай улсад ач холбогдолтой хэвээр байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд уг судалгааг хийж гүйцэтгэсэн болно.

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв 2011 онд клубын хэлбэрээр ажиллаж байгаад 2013 онд төрийн бус байгууллага болж өөрчлөн байгуулагдсан. “Оюуны-Инноваци” ТББ нь Монгол Улсад эрх зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх болон мониторинг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ хийх, хууль, эрх зүйн талаар бодлогын болон хавсарсан судалгаа хийдэг. “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа“ сэдэвт бодлогын шинжилгээнд суурилсан энэхүү Бодлогын асуудлыг тус байгууллагын судлаач П.Баттулга, судлаач М.Мөнхжаргал, зөвлөх судлаач хууль зүйн ухааны магистр, докторант Ж.Хунан нар хийж гүйцэтгэлээ.

Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал Судалгааны дэлгэрэнгүй тайланг www.forum.mn үзнэ үү.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: