Авлигын эсрэг шинэчлэл Монгол улс: Шүүх байгууллагын шударга зарчим

2016 оны 04 сарын 29 2334 удаа нээгдсэн

Эх сурвалж: Авилгатай тэмцэх газрын цахим хуудас

Авлигын эсрэг шинэчлэл

Монгол улс
Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг дэх болон хоёр дахь үнэлгээ

Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 2003 онд баталсан. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний дэд бүсийн гол санаачилга юм. Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд Армен, Азербайжан, Гүрж, Киргизстан, Казахстан, Монгол, Тажикистан, Украйн, Узбекистан хамрагдаж байгаа ба Төв азийн бусад орнууд хэрэгжүүлэх ажиллагаанд оролцоно. Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хамрагдаж байгаа улс орнуудын авлигатай тэмцэх хуулийн болон бүтцийн байгууллагуудын системтэй, тогтмол шалгалтууд орж байгаа болно.
Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол улс 2012 оны 9 дүгээр сард нэгдэн орсон. Монгол Улсын анхны үнэлгээ нь 2013-2014 онуудад явагдсан. Энэ нь 2013 онд хүргүүлсэн Монгол Улсын өөрт хийсэн үнэлгээ дээр суурилсан юм. Тайланг хянах баг бэлэн мэдээлэл дээр үнэлгээ хийж Үнэлгээний Тайланг боловсруулсан. Энэхүү тайланг Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний бүрэн бүрэлдэхүүнтэй хурлаар 2014 оны 4-р сарын 18-ны өдөр баталсан.
Монгол Улс нь Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд бусад оролцогч улсуудаас хамгийн сүүлд элссэн учир анхны Үнэлгээний тайлан нь нэг дэх болон хоёр дахь үнэлгээний хамт гарч байгаа юм. Монголын холбогдох төрийн байгууллагууд Монгол улсад зориулсан асуулгын хариуг, бусад холбогдох баримт бичгүүдийн хамт 2015 оны 4-р сард хүргүүлсэн. 2015 оны 6-р сарын 2-оос 5-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод газар дээр нь зочилсон. Газар дээр нь зочилсны дараа Монголын төрийн байгууллагууд нэмэлт шаардлагатай мэдээллийг явуулсан.

3.8. Шүүх байгууллагын шударга зарчим


Үнэлгээний тайлангийн Зөвлөмж (эндээс бүрэн эхээр нь татаж авна уу)

 

3.8. Шүүх байгууллагын шударга зарчим


Үнэлгээний тайлангийн Зөвлөмж 3.8.


1) Шүүгчдийг томилох болон халах асуудлыг улс төрийн институцийн /Ерөнхийлөгч, парламент/ оролцооноос салгаж, оронд нь шүүхийн ерөнхий зөвлөл шийддэг байх; шүүгчдийг томилохдоо ур чадварын зарчимд тулгуурлан, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын тогтолцоотой болох асуудлыг авч үзэх; шүүгчдийн үндэсний сургууль дээр шүүгчдийг /томилохын өмнө болон томилолтын дараа/ эхний сургалтад заавал хамруулдаг байх системтэй болох
2) Шүүхийн бие даасан байдлын баталгааг улам боловсронгуй болгох үүднээс: ерөнхий шүүгчийг томилох эсхүл огцруулах асуудлыг холбогдох шүүхийн шүүгчид шийддэг болох; хэрэг хуваарилахдаа санамсаргүй /тохиолдлын/ байдлаар шүүгчдэд хуваарилдаг болгох, мөн хэрэг хуваарилалтын талаар гаргасан шийдвэрийг нийтэд нээлттэй хүртээмжтэй болгох
3) Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх, ялангуяа бүрэлдэхүүний дийлэнхи нь янз бүрийн шатны шүүхийн төлөөллийг хангасан байх ба шүүгчид өөрсдөө сонгодог байх зарчимтай болох
4) Шүүгчдийн цалин хөлс болон нэмэгдлийг шууд хуульд тусган оруулах; шүүгчдэд урамшуулал олгодог байдлыг зогсоох.


1) Шүүгчдийг томилох болон халах асуудлыг улс төрийн институцийн /Ерөнхийлөгч, парламент/ оролцооноос салгаж, оронд нь шүүхийн ерөнхий зөвлөл шийддэг байх
Шүүх байгууллагын зохицуулалтад Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд орно. Эдгээр хуулиудын шинэчилсэн найруулга нь 2013 оны 4 сараас хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын эрх бүхий байгууллагууд сүүлийн үнэлгээний тайлангаас хойш шүүх байгууллагын хуульд томоохон өөрчлөлт ороогүй гэж мэдэгдсэн. Үүний хажуугаар Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд шүүх байгууллагын засаглалын системийг хөндөх юм.
Бүх шүүгчдийг байнгын хугацаагаар тэтгэвэрт гарах хүртэл нь томилдог. Бүх шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол улсын Ерөнхийлөгч томилно. Харин Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл УИХ-аар батлуулна. Албан тушаалд томилогдохоос өмнө нэр дэвшигчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Шүүхийн мэргэшлийн хороо сонгож, орон тооны зарлалыг Хорооны веб хуудсанд байршуулна. Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчдийг үнэлж, Ерөнхий зөвлөл нэр дэвшигч тус бүртэй ярилцлага хийж, санал хураан хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулна. Ерөнхийлөгч Хорооны саналыг хүлээж авах албагүй бөгөөд нэр дэвшигчийг татгалзаж болно.

Шүүгчдийн томилгоонд улс төрийн институциуд (Ерөнхийлөгч болон УИХ) оролцож байгаа нь асуудал бий болгож байна. Ингэснээр шүүхийн бие даасан байдлыг алдагдуулж байна. Олон улсын стандарт, сайн туршлагын дагуу шүүгчдийг томилоход зохих байгууллага нь Шүүхийн Зөвлөл юм. Энэ тохиолдолд Шүүхийн Зөвлөлийн ихэнх гишүүд нь шүүхийн системийг төлөөлж байгаа өөр өөр түвшний шүүгчдийн дундаас сонгогдсон байвал зохино. Одоогийн байдлаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүх гишүүдийг Монгол улсын Ерөнхийлөгч томилдог.
Шүүгчдийг томилох, бүрэн эрхийг түтгэлзүүлэхэд улс төрийн байгууллагуудын оролцоог тусгаарлах талаар тодорхой зүйл хийгдээгүй байна. Хэрвээ улс төрийн байгууллагуудыг сонголын үйл явцаас бүрэн тусгаарлах боломжгүй бол нэр дэвшигчдийг танилцуулах үйл явцыг аль болох албан ёсны болгох хэрэгтэй. Ингэснээр үндсэн шийдвэрийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл гаргаж, улс төрийн байгууллага Зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, шүүгчдийг томилох, түтгэлзүүлэх (бас нэг хувилбар нь Ерөнхийлөгч Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс нэр дэвшигчийн татгалзаж болох боловч Зөвлөлөөс дахин оруулсан тохиолдолд зайлшгүй зөвшөөрөх зохицуулалт оруулах) шийдвэр гаргалтанд оролцуулахгүй байх боломжтой юм.


шүүгчдийг томилохдоо ур чадварын зарчимд тулгуурлан, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын тогтолцоотой болох


2013 оны шинэчлэлийн дараа нийт шүүгчдийн тоо (Дээд Шүүхийн шүүгчдийн оруулаад) 390-с 690 болж нэмэгдсэн бөгөөд аймгийн шүүгчдийг оруулбал илүү нэмэгдэх магадлалтай. Ойролцоогоор 300 шүүгчийг шинээр элсүүлсэн бөгөөд 2-3 жилийн хугацаанд дахин 200 гаруй ажлын байр бий болоод байна.
Эрх бүхий байгууллагуудын хэлж байснаар томилгооны үйл явц нь ур чадварын зарчимд тулгуурладаг бөгөөд өрсөлдөөнтэй байдаг. Сонгохын тулд орон тооны талаарх мэдээллийг ШЕЗ, холбогдох шүүхийн байгууллага өөрийн веб хуудсандаа байршуулж мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Ажлын орон тооны мэдэгдэлд тавигдах шалгуур болон хүргүүлэх баримтын талаар тусгасан байдаг. Өргөдөл гаргагчид Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харьяа Шүүхийн Мэргэшлийн Хороо (ШМХ) өргөдөл гаргана. ШМХ хүлээн авсан мэдээллийг шалган, баталгаажуулж нэр дэвшигчдээс шалгалт авч, бусад үнэлгээнүүдийг хийдэг. Шалгалтанд мэргэжлийн чадвар, ёс зүй, кейс, Монгол хэлийн шалгалт, бичгийн болон илтгэх мөн мэдээллийн технологийн чадварууд ордог. Тусгай ёс зүйн шалгалт нь ёс зүйн стандартын талаар кейс шалгалт байх бөгөөд нэр дэвшигчийн ярилцлагад оруулж мөн хамтран ажиллагчдад судалгаа явуулдаг. ШМХороогоор дараагийн шатанд сонгогдсон нэр дэвшигчдийг ШЕЗ-д ярилцлагад оруулдаг. Өмгөөлөгчдийн холбоог мөн нэр дэвшигчдэд санал авах зорилгоор урьдаг. Шүүгч сонгон шалгаруулах журмыг Монгол улсын Ерөнхийлөгч баталдаг.
Дээр дурдсан сонгон шалгаруулалтын үйл явц зөвлөмжийн дагуу байгаа мэт харагдаж байна. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийг үнэлэх алхмуудыг ач холбогдолыг тодорхой болгох хэрэгтэй. Шалгалтанд, ярилцлагад мөн хөндлөнгийн үнэлгээнд хэр их ач холбогдол өгөхийг тодорхой болгох хэрэгтэй.

Түүнчлэн томилогдсон шүүгчдийн адил, шүүгч шалгаруулах үйл явцыг улс төрийн байгууллага тодорхойлох нь зохисгүй юм. Үндсэн зохицуулалтыг тусгайлсан хуульд зааж, бусад зохицуулалтыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан журмаар зохицуулах хэрэгтэй.


Шүүгчийн сонгон шалгаруулалтын хамгийн том асуудал нь сүүлийн шатанд ШЕЗ өөрийн санал болгож буй нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулахад бий болдог. Өмнө нь дурдсанаар Ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргадаг байдал нь олон улсын стандартад нийцэхгүй бөгөөд ялангуяа Ерөнхийлөгч ШЕЗ-ийн томилгоог тайлбар хийлгүйгээр татгалзах эрхтэй байдаг нь зохисгүй юм. Хэдийгээр эрх барих байгууллагуудын мэдэгдэж байгаагаар 2015 онд Ерөнхийлөгч 3 нэр дэвшигчийг л татгалзсан гэсэн мэдээ байгаа (гэвч энэ нь Ерөнхийлөгчийн томилсон ШЕЗ-ийн гишүүдийн санал болгож буй нэр дэвшигчид учраас цөөн тооны байх магадлалтай).


Шүүхийн Мэргэшлийн Хороо 9 гишүүнтэй бөгөөд 4 гишүүн нь Дээд шүүхийн шүүгч, 2 гишүүн нь давж заалдах шатны шүүгч, 3 гишүүн нь хуулийн профессор байна. Хорооны гишүүдийн бүтцийг ШЕЗ-с тогтооно. ШМХ-ний гишүүд хагас цагаар ажилладаг бөгөөд ажилласан цагт үндэслэн цалин тооцдог. Шүүгчдийг сонгон шалгаруулж, үнэлэх ажил нь ихээхэн хугацаа шаарддаг бөгөөд ШМХ орон тооны гишүүдтэй болсон тохиолдолд сонгон шалгаруулалтын ажилд эерэг нөлөөтэй юм.


шүүгчдийн үндэсний сургууль дээр шүүгчдийг /томилохын өмнө болон томилолтын дараа/ эхний сургалтад заавал хамруулдаг байх системтэй болох


Шүүгчийн бэлтгэлийн Нэгтгэсэн Хөтөлбөрийг жил болгон боловсруулж, 11-12 сургалтаас бүрддэг. 2014 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харьяа Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн гадны санхүүжилттэй 7 сургалтыг зохион байгуулсан. Шүүгчийн сургалтын хөтөлбөрт: шинэ шүүгчийн сургалт (шинэ шүүгч ажлаа эхлэхээс өмнөх 1 долоо хоногийн сургалт), хуулийн хэрэглээ, ур чадварын хөгжүүлэлт болон мэргэжлийн хөгжил зэрэг орно. Сургалтын хөтөлбөр болон төлөвлөгөөг www.judinstitute.mn –с авах боломжтой. Шүүгчдэд авлигын эсрэг асуудлаар тусгай сургалт ордоггүй.


Шүүгчийн Ерөнхий Зөвлөлийн сургалтын арга барил олон улсын стандартад нийцэж байгаа боловч Зөвлөл өөрөө стандартад нийцэхгүй байна.


2) Шүүхийн бие даасан байдлын баталгааг улам боловсронгуй болгох үүднээс: ерөнхий шүүгчийг томилох эсхүл огцруулах асуудлыг холбогдох шүүхийн шүүгчид шийддэг болох; хэрэг хуваарилахдаа санамсаргүй /тохиолдлын/ байдлаар шүүгчдэд хуваарилдаг болгох, мөн хэрэг хуваарилалтын талаар гаргасан шийдвэрийг нийтэд нээлттэй хүртээмжтэй болгох


Энэ чиглэлээр өөрчлөлт хийгдээгүй байна.


Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Монгол улсын ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай томилно, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч томилно. ШЕЗ Ерөнхий шүүгчийн албан тушаалын шалгалтыг зохион байгуулж шалгарсан нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн барьж, Ерөнхийлөгч томилно.
Үнэлгээний тайланд дурдсанаар Ерөнхийлөгчийн албан тушаал нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлд нөлөөлж байгаа учраас ихээхэн эрх мэдэлтэй байна. Олон улсын сайн туршлагын дагуу холбогдох шүүхүүд нь ерөнхий шүүгчээ сонгож, мөн эргүүлэн татах эрхтэй байдаг. Ингэснээр шүүхийн шийдвэрт нөлөөлөх (шүүгчдийн комисс, хэрэг хуваарилалт г.м аргаар дамжуулан) шууд бус болон далд эрх мэдэл болон шүүгчдэд нөлөөлөх (хуримтлалын санд нөлөө үзүүлэх, шүүгчдийн цалин болон бусад урамшуулал зэргээр) байдлыг хязгаарлах юм. Мөн Ерөнхий шүүгч шүүгчид сахилгын арга хэмжээ авах эрх мэдэл нь хязгаарлагдмал байгаа бөгөөд энэ байдлыг мөн засах хэрэгтэй.


Хэргийг шүүгчдэд автоматаар хуваарилах талаар хуульд заагаагүй байна. Гэсэн хэдий ч Монголын эрх бүхий байгууллагуудын мэдэгдэж байгаагаар шүүхэд энэ систем хэрэгждэг бөгөөд хэргүүдийг програм хангамжийн тусламжтайгаар хуваарилдаг. Шүүхийн шүүгчдийн зөвлөл тухайн хэргийг хуваарилах системийг хариуцдаг. Энэхүү зохицуулалт нь бодит байдалд хэрэгжиж байгаа ч өмнөх зөвлөмжийн дагуу хууль, журмаар тогтсон зохицуулалтад оруулах хэрэгтэй.


Зөвлөмжийн энэ хэсэг хэрэгжээгүй байна.


3) Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх, ялангуяа бүрэлдэхүүний дийлэнхи нь янз бүрийн шатны шүүхийн төлөөллийг хангасан байх ба шүүгчид өөрсдөө сонгодог байх зарчимтай болох
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1-р зүйлд зааснаар Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Ерөнхий зөвлөлийн одоогийн гишүүдийг дээр дурдсан зохицуулалтын дагуу 2013 оны 5 сард 3 жилийн хугацаатай томилсон. Шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь ерөнхийдөө олон улсын стандартын дагуу байна.30 Анхаарал хандуулах ёстой гол асуудал нь шүүгчдийн санал болгосон ШЕЗ-ийн гишүүдийн томилгоо нь Ерөнхийлөгч үзэмжээр шийдвэрлэгддэг байдал юм.


4) Шүүгчдийн цалин хөлс болон нэмэгдлийг шууд хуульд тусган оруулах; шүүгчдэд урамшуулал олгодог байдлыг зогсоох


Энэ чиглэлээр өөрчлөлт хийгдээгүй байна.


Үнэлгээний тайланд дурдсанаар шинэчлэлийн дараа Шүүхийн Ерөнхий Зөвлөл шүүгчдийн цалингийн хэмжээг тодорхойлох эрх мэдэлтэй болсон. Зөвлөл шүүгчийн цалингийн хамгийн бага түвшинг 2.7 сая төгрөгөөр (ойролцоогоор 1,190 евро), давж заалдах шүүхийн шүүгчдийн цалинг 2.9 сая төгрөгөөр (ойролцоогоор 1,280 евро), Дээд шүүхийн шүүгчдийн цалинг 3.2 сая төгрөгөөр (ойролцоогоор 1,400 евро) тогтоосон. Мөн шүүгчдэд зэрэглэл болон “мэргэжлийн үйл ажиллагааны түвшин”-гээс хамааран үндсэн цалингийн 50 хүртэлх хувиар урамшуулал тооцож олгохоор тодорхойлсон. Тиймээс шүүгчийн нийт цалин урамшууллын хамт 5-6 сая төгрөг (ойролцоогоор 2,200-2,650 евро) байна. Ажлын байран дээрх уулзалтын үеэр албан тушаалтнууд урамшуулал цалинг тооцохдоо зөвхөн ажилласан жилд үндэслэдэг (эхний 5 жил ажилласны дараа шүүгчид жил бүр 2%-ийн нэмэгдэл авдаг) бөгөөд гүйцэтгэлийг үнэлэх аргачлал байхгүй байгаа талаар дурдсан.
Улсын Их Хурлаас шүүгчдийн цалинг хуульд шууд тусган оруулах талаар яригдаж байсан ч одоогийн байдлаар энэхүү өөрчлөлт ороогүй байна. Зөвлөмжийн энэ хэсгийг хэрэгжүүлээгүй байна.


Бусад асуудлууд

Монгол улсын эрх баригчдын хэлж байгаагаар шүүхийн үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг бий болгохын тулд бүх мэдээллийн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн веб хуудсанд (www.judcouncil.mn) байршуулж байгаа. Шүүх үйл ажиллагааг дүрсжүүлэх төхөөрөмж шүүхийн өрөөнүүдэд байршуулсан. Шүүх ажиллагааг дүрсжүүлээгүй л бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүх ажиллагаанд биечлэн байж болох талаар дурдсан.
Монгол улсад шүүхийн төсвийг шууд Улсын Их Хуралд танилцуулах эрхтэй учраас Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн сайн туршлагатай байна. Гэсэн хэдий ч энэ нь төсөв танасан тохиолдолд шүүгчдийг хамгаалахгүй юм. Шүүхийн төсвийн эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргах бөгөөд УИХ ихэнх тохиолдолд Засгийн газрын болон Хууль зүйн яамны байр суурийг дагадаг. Шүүх байгууллагын төлөөлөгчид дараах тоо, мэдээллээр хангасан: 2015 онд шүүх байгууллага 88 тэрбум төгрөгийн хүсэлт гаргасан ч 54 тэрбум төгрөг хүлээн авсан (хөрөнгө оруулалтын зардлыг 24 тэрбум төгрөгөөр танасан). Дээд шүүх төсөвт тусдаа хүсэлт гаргадаг боловч бүрэн хэмжээгээр батлагддаггүй байна (2015 онд 26 тэрбум төгрөгийн хүсэлт гаргасан боловч 3.9 тэрбум төгрөг хүлээн авсан). Хуульд шүүхийн төсвийг өнгөрсөн жилээс танаж болохгүй гэсэн заалт байгаа боловч бодит байдалд энэ заалт хэрэгжихгүй байна. Улсын нэгдсэн төсвийн байдлаас харахад төсөвт таналт хийгдэж байгаа нь ойлгомжтой боловч өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан нь шүүхийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлж байна.


Дүгнэлт
Монгол улсын шүүхийн систем авлига, улс төрийн нөлөө, талын тал харах үзэлд өртөмтгий хэвээр байна. 2013 онд хэрэгжүүлсэн шинэчлэл чухал боловч хангалттай биш байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шүүхийн бие даасан байдлыг хадгалж, шүүхийн үйл ажиллагаанаас улс төрийн нөлөөг тусгаарлах замаар институцид өөрчлөлт хийх боломжтой. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүтцийг олон улсын стандартын дагуу болгох хэрэгтэй. Шүүгчдийг томилох, эргүүлэн татах үйл явцыг Ерөнхийлөгч болон УИХ-аас хамааралгүй хийдэг болох хэрэгтэй. Шүүгчдийг ур чадварт суурилан сонгох байдал эхэлж байгаа бөгөөд цаашид дэмжих хэрэгтэй. Шүүгчдийг сонгох үйл явцыг ил тод, шударга байхад анхаарах хэрэгтэй.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: