Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

2016 оны 05 сарын 09 1904 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Хорооны тэргүүн Ц.Оч, Удирдах зөвлөлийн гишүүн С.Амардэлгэр, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт, Т.Өсөхбаяр, Э.Зоригтбаатар, Д.Дэлгэрцэцэг, Т.Ганчимэг, С.Өмирбек нар оролцов.

1. Хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны дүрэм болон, Удирдах зөвлөлийн ажиллах журамд Удирдах зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй бол цахим сүлжээгээр оролцож саналаа илэрхийлэх боломжийг хангах зорилгоор зохих нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Үүний дагуу тус хуралдаанд Удирдах зөвлөлийн гишүүн С.Өмирбек Ховд аймгаас цахим хэлбэрээр шууд оролцов.

2. Мөн Монголын Хуульчдын холбоо болон бусад байгууллагаас Хорооны тэргүүн болон Удирдах зөвлөлд ирүүлсэн албан бичгүүдийг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
• Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/312 тоот албан бичгээр Монголын Хуульчдын холбооны төлөөлөл Б.Сарантуяаг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих эсэх асуудлаар санал ирүүлэхийг хүссэн хүсэлттэй гишүүд урьдчилан танилцаад уг асуудлыг тус хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэн хариу хүргүүлсэн тул дахин Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн талаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хариу мэдэгдэхээр шийдвэрлэв.
• Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /2 шүүгч/ болон Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо /1 шүүгч/-ны бүрэлдэхүүнд байсан Шүүгчдийн хорооны төлөөлөл нэр бүхий шүүгчид чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбогдуулан дээрх хороодын бүрэлдэхүүнд Шүүгчдийн хорооноос төлөөлөл оролцуулахаар нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлсэн тул Удирдамжид заасан шаардлага хангасан шүүгчид нэр дэвшүүлэх, холбогдох материалыг бүрдүүлж ирүүлэх боломжоор хангаж, зохион байгуулах талаар хороо хариуцсан мэргэжилтэн П.Нарантуяад зааварчилгаа өгч, удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэхийг даалгалаа.
• “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Хуульчдын холбооноос тус холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын дунд спортын 3 төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ “Шилжин явах цом”-ын тэмцээнийг зохион байгуулахаар болсон тул Хорооны гишүүн-шүүгчдийн багийг бүрдүүлж тэмцээнд идэвхтэй оролцох асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэсувд, Т.Өсөхбаяр, Хорооны гишүүн-шүүгч С.Олзод, Д.Алтанжигүүр нарт даалгахаар тогтов.
• Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн захирлаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/148 тоот албан бичгээр ирүүлсэн “Эрх зүйн шинэтгэл: Хүрсэн үр дүн, цаашдын зорилт, чиглэл” сэдвээр судалгаа хийж буйтай холбогдуулан шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд тулгамдаж буй асуудал, практикт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг цаашид хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар судалж, санал зөвлөмж гаргахад хамтран ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу Үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллаж, Хорооны гишүүн-шүүгчдээс санал авч нэгтгэхээр шийдвэрлэлээ.

3. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгох сонгуулийн ажиллагаанд хариуцлагатай хандах талаар хорооны нийт гишүүн-шүүгч нарт хандаж УРИАЛГА гаргахаар Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Мэдээлэл бэлтгэсэн:
Мэргэжилтэн Э.Чанцалням

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: