ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМ ДАХЬ САЛБАР ХОРООНООС ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 05 сарын 23 1181 удаа нээгдсэн

Ховд аймагт шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг угтан "Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооноос 2016.05.15-ны өдөр Ховд Их Сургуулийн оюутнуудын дунд Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр шүүхийн мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа.

Хөдөлмөрийн эрх зүйн хичээлийг судалсан оюутнууд бодит (кэйс) хэрэг, маргаан дээр ажиллаж, хэргийн оролцогчийн байр сууринаас мэтгэлцээнд оролцох, цаашид тус хичээлийн практик сургалтыг хөгжүүлэх, оюутны хөдөлмөрийн эрх зүйн мэдлэг, боловсролыг бататгах, шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажил, мэргэжлийг сурталчилах, таниулах зорилготой тус тэмцээнд Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Эрх зүй, Төрийн захиргааны менежмент, Багш, нийгмийн ухааны 3 дугаар дамжааны оюутнууд анги тус бүрээр баг бүрдүүлэн оролцож, тойргийн журмаар өрсөлдсөн юм.

Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооны нэрэмжит анх удаа зохион байгуулагдсан уг тэмцээнийТэргүүн байранд Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Эрх зүйн 3 дугаар дамжааны оюутнуудын баг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ. Мөн тус сургуулийн Төрийн захиргааны менежментийн 3 дугаар ангийн багийн ахлагч Б.Мөнх-Эрдэнэ шилдэг илтгэгчээр шалгарсан байна.

Тэргүүн байр: Эрх зүйн 3 дугаар ангийн баг А.Мянган-Эрдэнэ, Д.Батчимэг, Г.Саран, Х.Алтангүл, А.Эрдэнэцэцэг, Б.Сэргэлэн нар /зураг/, Төрийн захиргааны менежментийн 3 дугаар ангийн баг: Н.Казар, Х.Батцэрэн, Ш.Хүрэлсувд, Б.Энхзаяа, Б.Мөнх-Эрдэнэ, Багш, нийгмийн ухааны 3 дугаар ангийн баг: Р.Берик, Р.Батчимэг, Ц.Мятав, А.Нарангэрэл, Б.Сүрэн, О.Намсрай.

Зохиомжит шүүх хуралдааны хэлбэрээр явагдсан тус тэмцээнд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Эрх зүйн 3 дугаар дамжааны оюутан Т.Төгсжаргал, хуралдааны дэг сахиулагч (Тахарын албаны албан хаагч)-аарТөрийн захиргааны менежментийн 3 дугаар дамжааны оюутан Г.Цэрэндулам нар ажиллажээ.

Тэмцээний шүүгчээр Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Эрх зүйн тэнхмийн багш Ж.Эрдэнэсувд, тус салбар хорооны гишүүн, шүүгч М.Нямбаяр, С.Өмирбек нар ажиллаж, тэмцээний зохион байгуулалтын ажилд Ховд аймаг дахь давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн Тамгын газрууд хамтран оролцсон байна.

Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооны гишүүн 5 шүүгч Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Эрх зүйн тэнхимд гэрээт (цагийн) багшаар ажилладаг бөгөөд цаашид шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгож, эрх зүйн салбар тус бүрээр төрөлжүүлэн зохион байгуулахаар тогтлоо.

 

Монголын шүүгчдийн холбооны Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хороо

                                                                                                                        

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: