Монголын Шүүгчдийн холбооны 2016 оны ажлын тайлан

2017 оны 03 сарын 03 425 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны

 2016 оны ажлын тайлан

 

2017 оны 02 сарын 21-ний өдөр                                                                                                                                                                                         Улаанбаатар хот

  1. Удирдлага зохион байгуулалт, төлөвлөсөн ажлын талаар

2016 онд Шүүхийн байгууллагын тухай хуулиуд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүгчийн эрх ашгийг хөндсөн хуулиуд хэлэлцэгдэж шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Удирдах зөвлөлөөс Салбар хороо, гишүүдийнхээ саналыг нэгтгэн холбогдох албан тушаалтнуудад албан ёсоор мэдэгдэж ажилласан.

Түүнчлэн Монголын Шүүгчдийн холбоо болон Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны удирдах бүрэлдэхүүн “шүүхийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, шүүгчдийн цалин хангамжийн талаар” нэгдсэн санал бодлоготой байж Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт тодорхой санал тавьж оролцсоноор нааштай шийдвэр гаргасныг мэдээлэхэд таатай байна.

Мөн хэд хэдэн аймгийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, салбар хороодын Тэргүүн нар санаачлан зохион байгуулж төрийн дээд байгууллагын тодорхой албан тушаалтнуудад, орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд захидал бичих зэргээр шүүгч нар идэвхтэй оролцлоо.

2016 онд Монгол Улсын шүүхийн зохион байгуулалт, бүтэц, шүүхийн байршилтай холбогдсон хууль гарснаар шүүхийн байршил, шүүгчдийн томилгоонд нилээдгүй өөрчлөлт орсны улмаас холбооны салбар хороог шинэчлэн байгуулж Салбарын Тэргүүнийг шинээр сонгох ажлыг зохион байгуулав.

2015 онд 57 шүүхийн дэргэд 39 салбар хороо ажиллаж байсан бол 2016 онд дээрх зохион байгуулалттай холбоотой 47 Салбар хороо болсон бөгөөд Салбар хороодын Тэргүүний 72 хувь шинээр сонгогдсон байна.

Улсын хэмжээнд 115 шүүх,  500 гаруй шүүгч ажиллаж байгаагийн 19 шүүх Улаанбаатар хотод байрлан 220 шүүгчтэйгээр, орон нутагт 96 шүүхийн 300 гаруй шүүгч ажиллаж, Улаанбаатар хотод Салбар хороод 19, орон нутагт 28 ажиллаж байна. 

Ийнхүү шүүхийн байршил өөрчлөгдөн шүүгчдийн томилгоонд ихээхэн өөрчлөлт хөдөлгөөн бий болсон боловч тухайн шүүхийн шүүгч-гишүүдийн идэвхи санаачлага гаргаж Салбар хороодын Тэргүүнийг шинэчлэн сонгож хороодын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгааг зориуд тэмдэглэж байна.

2016 онд Шүүгчдийн холбоо бүр дүрмээ удирдлага болгон тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нар Тамгын даргатайгаа зөвшилцөн тэдгээрээс дэмжлэг авч залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа хамтран төлөвлөгөөтай ажиллах, гишүүдийнхээ татварыг хагас, бүтэн жилээр зохион байгуулалттай хурааж баримтаа тайлан мэдээтэйгээ ирүүлэх, татварын 20 хувийг салбартаа үлдээж, улмаар хуримтлалаа баяжуулан тодорхой ажил зохион явуулж байгаа нь шүүхийнхээ хүрээнд “гар нийлсэн эвсэг хамт олныг төлөвшүүлэх”-д  үр дүн өгч байна.

2016 онд Удирдах зөвлөлөөс бүх Салбар хороодод 100,000-300,000 төгрөгийг хуримтлалд нь нэмэрлэх зорилгоор өгснийг Салбар хороод үр дүнтэй зарцуулсан талаар мэдээ тайлангаа ирүүлсэн.

Мөн Монгол улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жил, Улсын дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой болон зарим шүүхийн ойн баярыг угтсан Спортын наадамд шүүхүүд идэвхитэй оролцсон нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, Салбар хорооны Тэргүүн, Тамгын дарга нарын хамтарсан идэвхитэй ажиллагааны үр дүн гэж үзэж байна.

2016 онд www.judge.mn вэб сайтад 62 мэдээ, мэдээллийг байршуулж шаардлагатай тохиолдолд гишүүн-шүүгчдийн холбоонд бүртгэгдсэн мэйл хаягаар мэдээллийг хүргүүлж ажиллав.

Мөн сайтад twitter хаяг нээснээр гишүүд өөрсдийн мэйл хаягаараа холбоотой мэдээллийг авах боломжтой болсон. Холбооны сайтыг эрхлэн хөтөлж байгаа шүүгч гишүүний санаачлагаар “Ярилцлагын булан”-г нээж ажиллуулсан боловч гишүүдийн байнгын хэрэглээ болгон ашиглаж чадахгүй байгаад дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Шинээр томилогдсон шүүгч-гишүүдийн бүртгэлийг тогтмол хийх энэ талаар судалгааг баяжуулан вэб сайтад тавьж хариу мэдээлж ажилласан.

2. Гадаад харилцааны талаар

Олон Улсын Шүүгчдийн холбооны гишүүний хувьд тус холбоотой мэйлээр байнга харилцан, татвараа жил бүр төлж, мэдээ тайлангаа тогтмол өгч байна.

Манай холбоо нь Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази номхон далай, хойд америкийн бүсэд харьяалагдаж, энэ бүсийн  дэд Ерөнхийлөгчөөр Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Цогт сонгогдсон бөгөөд гишүүн орнуудын шүүгч нарт тулгарч буй асуудлыг хамтран судалж харилцаа холбоогоо сайжруулан, идэвхитэй ажиллаж байна.

Засгийн газрын 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд шүүгчдийн цалинг бууруулахаар тусгагдсантай холбогдуулан Монголын шүүгчдийн холбооноос Олон Улсын шүүгчдийн холбооны Хойд бүсийн Ерөнхий Тони Пагонид бичиг санал явуулахад Олон Улсын шүүгчдийн холбоо энэ асуудалд шуурхай хандаж, “Монгол улсын Засгийн газрын төсөл-саналыг буруушааж, байгаагаа илэрхийлэн, иймэрхүү шийдвэр нь шүүхийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан, үндсэн хуульт орны хувьд байж болохгүй муу жишиг болохыг дүгнэж, улс орнуудын шүүгчдийн ажиллах нөхцөл, цалин хангамжийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт ирүүлсэн нь монголын шүүгчдийн эдийн засгийн баталгааг хамгаалж үлдэхэд онцгой дэмжлэг болсныг тэмдэглэж байна.

Цаашид Олон Улсын Шүүгчдийн холбоотой улам ойр дотно харилцаж шаардлагатай тохиолдолд түүний дэмжлэгийг авч ажиллах нөхцөл бүрдсэн.

Энэ онд Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал ноён Серж Лорти, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны комиссын газрын захирал Олег Шэйков нарын Монгол Улсад хийх айлчлалын үеэр холбооны төлөөлөгч нар хүлээн авч уулзан, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох талаар ярилцсанаас гадна Казакстан Улсын Шүүгчдийн холбооны Ерөнхийлөгчид хандаж  “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулах хүсэлтээ хүргүүлээд байна.

3. Холбооны санхүүжилт гүйцэтгэлийн талаар

Тус холбооны санхүүгийн фонд нь зөвхөн гишүүдийн татвар, банкны хүүгээс бүрдэж байна. Дүрмийн дагуу гишүүдээс сар бүр 6000 төгрөг хурааж, үүнээс 1000 төгрөгийг Салбар хороо өөрийн фондоо үлдээж, үлдэх 5000 төгрөгийг /1 гишүүн жилд-60,000 төгрөг/-ийг Голомт банкны 1102099071 тоот дансанд төвлөрүүлэн, Холбооны Тэргүүний захирамжаар зарцуулж, жил бүр гишүүддээ тайлагнаж байна.

Гишүүдийн тоо, татвар хураалгасан байдлаас шалтгаалан жил бүр фондын хуримтлал зардал өгссөн дүнтэй байна.

Тухайлбал,

  • 2014 онд урьд оны үлдэгдэл 4.4 сая, жилийн орлого 21.4 сая, зарлага 12.1 сая, жилийн эцсийн үлдэгдэл 13.7 сая байсан бол
  • 2015 онд урьд үлдэгдэл 13.7 сая, орлого 27.7 сая, зарлага 17.3 сая, оны эцсийн үлдэгдэл 24.3 сая,
  • 2016 онд урьд оны үлдэгдэл 24.3 сая, орлого 30.8 сая, зарлага 23.2 сая, үлдэгдэл 31.9 сая /2017.02.10/ төгрөг байна.

Зардлыг авч үзвэл:

- 2016 онд Тэргүүний салбар хороо 4-ийг шалгаруулж, Дорнод аймаг дахь шүүхийн Салбар хороог 500,000 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дэх Салбар хороог 400,000 төгрөг, Архангай аймаг, Багануур дүүрэг дэх шүүхийн Салбар хороог тус бүр 200,000 төгрөг, Өргөмжлөлөөр шагнасан,

- Салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тэдний татварын хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор 39 салбар хороодод гишүүдийн тоог харгалзан 100,000-300,000 төгрөг /бүгд 8,300,000 төгрөг/ олгож зарцуулалтын тайланг авсан.

- Монгол Улсын шүүхийн ойг угтаж зохион байгуулсан Спортын арга хэмжээнд шүүгч гишүүдийг шагнахад 1,000,000 төгрөг, Шүүхийн тухай 3 боть ном хэвлүүлэхэд 1,000,000 төгрөг, Баярын үйл ажиллагаанд Салбар хороодын Тэргүүн Удирдах зөвлөлийн гишүүдийг оролцуулахад 4,640,000 төгрөг,

-“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл хэвлүүлэхэд 1,680,000 төгрөг, вэб сайтын төлбөрт 66,000 төгрөг,

- Олон шүүгчдийн холбооны татварт 352 евро буюу 994210 төгрөг,

- Шүүгч-гишүүдийг рашаан сувилалд амруулах, эмчилгээ хийлгэхэд 2,862,000 төгрөг,

- Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал ноён Серж Лорти, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны комиссын газрын захирал Олег Шэйков нарыг хүлээн авах зардал 140,000 төгрөгийг зарцуулсан байна.

4. Цаашид хийх ажлын талаар

1. 2016 онд хийсэн ажлын тайланг вэб сайтад байршуулж, гишүүдэд танилцуулан саналыг сонсох.

2. Шүүгч гишүүдийнхээ ажиллах нөхцөл хараат бус байдлыг хангах, гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн ажил үйл ажиллагаагаа шүүгчдийн холбоо эрс сайжруулж, олон улсын шүүгчдийн холбоотой хамтран ажиллахад улам санаачлагатай ажиллах.

3. Одоогийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хяналтын зөвлөлийн ажиллах хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-нд дуусч байгаа тул сонгуулийн ажлыг цахимаар явуулах бөгөөд үүнтэй холбоотой өгсөн зааврын дагуу гишүүн бүрийг сонгуульд идэвхитэй оролцуулах. Харин салбар хороодын тэргүүн нарын ажиллах хугацаа дүрэмд тусгагдаагүй тул нийгмийн идэвхи сан шүүгч-гишүүдийг хэдэн жил ч итгэл хүлээлгэн ажиллах боломжтой, үүнийг дэмжиж ажиллах.

4. “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг улирал бүр гаргахаар дэвшүүлсэн зорилго биелүүлж чадаагүй явдалд дүгнэлт хийж, цаашид хэрхэн ажиллуулах талаар гишүүдийн саналыг авч чанарыг сайжруулах.

5. Салбар хороо бүр гишүүдийнхээ бүртгэлийг сайжруулан, сар бүр хураах гишүүний татварыг улирлаар хурааж, дүнгээ Удирдах зөвлөлд тогтмол мэдээлж хэвших.

6. Ажлаараа тэргүүлсэн салбар хороодын ажлын тайланг вэб сайтад тавьж ажлын арга хэлбэрийг сурталчилах ажлыг зохион байгуулан ажиллах болно.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: