СУДАЛГААНЫ КОМИССЫН ДҮГНЭЛТ ЗӨВЛӨМЖ

2019 оны 01 сарын 07 727 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

НЭГДҮГЭЭР СУДАЛГААНЫ КОМИССЫН ДҮГНЭЛТ ЗӨВЛӨМЖ

 

2018 оны 10 сарын 17 өдөр                                                                             Марракеш хот

 

УДИРТГАЛ

Шүүх, шүүгч нар шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа “үг хэлэх эрх чөлөө” нь ардчилсан нийгмийн нэгэн чухал үнэт зүйл болохыг тууштай, хөдөлбөргүй хамгаалан шийдвэрлэж ирсэн билээ. Шүүх рүү хандсан шүүмжлэл, дайралт нь төрийн байгууллагуудад итгэх итгэл үнэмшилд сөрөг үр дагавар авчирдгийн хувьд эрх зүйт төрд суурилсан ардчилсан нийгмийн үндэс, тулгуур баганад сөргөөр нөлөөлдөг ноцтой асуудал юм. Бодит бус, худал мэдээлэлд үндэслэсэн, эсхүл ардчилсан бус агуулга бүхий шүүмжлэл, дайралтыг Засгийн газар болон хэвлэл мэдээллийн зүгээс гаргахгүй байх шаардлагатай. Учир нь энэхүү бодит биш шүүмжлэл, дайралт нь улс төрийн бус институц болох шүүх засаглалыг бие даан оршин тогтнох явцад ноцтой сөрөг үр дагаврыг дагуулдаг.

Тийм учраас энэхүү Судалгааны комисс дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргаж байна.

Шүүх рүү чиглэсэн шүүмжлэл, дайралт:

  1. Төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зүгээс шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад шүүх рүү чиглэсэн шүүмжлэл, дайралт гаргах нь зохисгүй юм.
  2. Төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс шүүх эсхүл түүний шийдвэрийн хууль ёсны байдалд үл итгэсэн агуулга бүхий шүүмжлэл, дайралт санаачлан эхлүүлэх нь хариуцлагагүй, байж боломгүй явдал юм.
  3. Шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл нь бодитой, тэнцвэртэй байх, түүнчлэн шүүх засаглалын “төрийн бие даасан институц” болохынхоо хувьд гүйцэтгэдэг чиг үүргийг хүндэтгэсэн, хувь шүүгчийн аюулгүй байдал болон хувийн нууцыг хамгаалсан мэдээллийг бэлтгэн гаргаж байх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг юм.
  4. Шүүгчийн эсрэг нийгмийн сүлжээнд гарч буй бодитой бус шүүмжлэл, дайралт, ялангуяа ямар нэгэн байдлаар шүүгчид халдах, эсхүл хэрээс хэтэрсэн агуулгаар шүүмжлэл, дайралт хийх, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн системийн бусад хүмүүст чиглэсэн дээрх хэлбэр, утга агуулга бүхий шүүмжлэл, дайралтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Шүүмжлэл, дайралтын эсрэг авч буй арга хэмжээнүүд:

  1. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тодорхой чиг үүрэг, хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж буй шүүгч нар, шүүгчдийн холбоо, хуульчдын холбоо болон хууль зүйн мэргэжлийн бусад төлөөллийн байгууллагууд нь эрх мэдлийг хуваарилах зарчмын эсрэг, шүүхийн бие даасан байдлын эсрэг гэх мэт бусад зохимжгүй үр дагаврыг үүсгэж болох шүүмжлэл, дайралтын эсрэг зохих хариуг хүчтэй өгч ирсэн бөгөөд үүнийгээ үргэлжлүүлэн авч хэрэгжүүлбэл зохино.
  2. Хэвлэл мэдээллийн байгууллагын гишүүд, ажилчид болон сонгогдсон улс төрийн албан хаагчид нь шүүх засаглалын эсрэг зохимжгүй, хүлээн зөвшөөрч боломгүй дайралтуудаас шүүхийн бие даасан байдлыг хамгаалах арга хэмжээг авч байвал зохино. Улс төрч, хэвлэл, нийгмийн сүлжээгээр хангагч зэрэг бүхий л улс, нийгмийн байгуулалд нөлөөтэй, хариуцлагатай үүрэг хүлээгч оролцогч этгээдүүд тус бүрийн ёс зүйн дүрэмтэй байх нь зүй ёсны хэрэг юм.
  3. Шүүхийн эсрэг гарч буй зүй ёсны шүүмжлэл нь тухайн хэргийн бодит үйл баримтуудад үндэслэсэн байвал зохихоос гадна сүрдүүлсэн болон доромжилсон, бусдыг өдөөн хатгаж, зохисгүй зүйлд турхирсан агуулга, санаа, үг хэллэг хэрэглэхгүй байх. Үүний зэрэгцээ хувь хүнд чиглэсэн сүрдүүлэг, халдлагын шинжтэй байхаас зайлсхийвэл зохино.

Бодит бус шүүмжлэл, дайралтыг бууруулахын тулд хэрэгжүүлж болох арга хэмжээнүүд:

  1. Шүүн таслах ажиллагааг нээлттэй явуулах зарчим нь шүүхийн үйл ажиллагаанд улам бүр өргөжүүлэн хэрэглэгдвэл зохино. Бүх шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй байхаас гадна гэрч, хохирогч, хэргийн оролцогчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрүүд ил тод, олон нийт чөлөөтэй үзэх боломжоор хангагдсан байвал зохино.
  2. Шүүхийн шийдвэрүүд ойлгомжтой, тодорхой бичигдсэн байвал зохино. Ялангуяа олны анхаарлыг татсан хэргүүдийн хувьд, тухайн хэргийн тогтоогдсон гол үйл баримт, шүүхийн шийдвэрийн гол үндэслэл, шийдлийг багтаасан хялбар, энгийн ойлгомжтой товчлолыг шүүхийн шийдвэрт тусад нь хавсаргаж байвал зохино.
  3. Шүүхүүд хэвлэл мэдээлэлтэй харилцах мэргэшсэн ажилтан болон хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах талаар сургалтад хамрагдсан бөгөөд шүүхийн бие даасан байдлыг алдагдуулахгүйгээр хэвлэлийнхний хүсэлтүүдэд хариу өгөх ажлыг зохион байгуулж, бодит, тэнцвэртэй мэдээлэл түгээх боломжийг хангах үүрэг бүхий шүүгчтэй байх хэрэгтэй.  
  4. Шүүх засаглалын чиг үүрэг, түүний ардчилсан нийгмийн тогтолцоог бэхжүүлэхэд оруулдаг хувь нэмэр яагаад чухал болох талаар олон нийтэд боловсрол олгоход зориулсан олон талт хөтөлбөрүүдийг шүүх хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа шүүхийн бие даасан байдал яагаад чухал, шүүн таслах ажиллагаа нь улс төрөөс ангид байдаг талаар тус хөтөлбөрт тусгасан байвал зохимжтой. Тухайлбал, шүүгч нар ерөнхий боловсролын сургуулиудад ярилцлага хийх, залуу үе, хүүхдүүдийг шүүхэд урьж үйл ажиллагаагаа танилцуулах, шүүх хэрхэн ажилладгийг ойлгуулах замаар шүүх, шүүгч өөрөө нийгмээс тусгаарлагдсан ангид оршин этгээд биш гэдгийг харуулах ажлыг хийх хэрэгтэй.
  5. Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан халдлагыг хязгаарлах, зохицуулах өөр үр дүнтэй арга механизм байхгүй, шүүх, шүүгч рүү чиглэсэн бодит бус шүүмжлэл дайралт нь хэрээс хэтэрсэн, нийтлэг болсон улс орнуудын хувьд тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зохистой байж болох юм.
  6. Шүүгч нар хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн яаж ажилладаг, хэвлэл мэдээлэлтэй яаж зохистой харилцах талаар сургалтад хамрагдвал зохино. Шүүгч болон шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах харилцааг тогтмол болгох шаардлагатай.

 

 

Тус судалгааны комиссын 2019 оны судалгааны сэдэв:     

Нийгмийн сүлжээ ба шүүх

1. Нийгмийн сүлжээнд шүүгчийн эсрэг гарч байгаа бодитой бус санал, шүүмжлэлд хэрхэн хамгийн зохистойгоор хариулт өгөх вэ?

2. Шүүх болон шүүгч нийгмийн сүлжээг ашиглаж буй байдал: Эерэг ба сул тал

 

Англи хэлнээс орчуулсан: Ц.Цогт

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: