ЭМГЭНЭЛ

2011 оны 10 сарын 03 3963 удаа нээгдсэн

 

ШАДИЙН ЗАГДАА

/1961-2011/

Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч Ш.Загдаа нь 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Ш.Загдаа нь 1961 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төржээ. 1969-1979 онд Хөвсгөл  аймгийн 10 жилийн дунд  сургууль, 1979-1981онд Хууль цаазны дунд сургууль, 1985-1991 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд тус тус суралцаж төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр хууль, шүүхийн байгууллагад тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажиллахдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, шүүхийн байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг сайжруулах үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулсан нэгэн байлаа.

Ш.Загдаа нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр  мэдлэгтэй, арвин туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, манлайлагч, манай тэргүүний шүүгч нарын нэг байсан билээ.

Түүний хөдөлмөрийг үнэлж 1984 онд Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний сэхээтэн залуу" алтан медаль, 1988 онд Монгол Улсын "Тэргүүний уран сайханч" тэмдэг, 1998 онд "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг, 2001 онд "Хөдөлмөрийн хүндэт" медаль, 2003 онд Монголын Залуучуудын холбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" алтан медаль, 2006 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг", 2008 онд МҮЧЗ-ын холбооны нэрэмжит шагнал, медаль, 2008 онд "Шүүхийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр тус тус шагнагдсан юм.

Талийгаачийн хүнлэг, ухаалаг, эгэл даруу, хөдөлмөрч, шударга, зарчимч зан чанар нь  бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сэлэнгэ аймгийн шүүх, Монголын шүүгчдийн холбоо, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: