ОУ-ын Шүүгчдийн Холбооны 2019 оны асуумж

2019 оны 06 сарын 20 367 удаа нээгдсэн

2018 онд Маракешд зохион байгуулагдсан ОУ-ын Шүүгчдийн Холбооны хурлаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэвлэл мэдээллийн оролцоо” сэдвээр 2019 онд хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ түүний бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх нөлөөлөл мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа Эрүүгийн хэргийг сонирхох олон нийтийн сонирхол хэвлэл мэдээллийн хөгжил дэвшлийн нөлөөллөөс бид зайлсхийх боломжгүй юм. Иймд бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэвлэл мэдээлэл цахим сүлжээ хэрхэн нөлөөлж болох үүнээс гарах үр дагавар зэргийг судалж шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах тал дээр анхаарч хэлэлцүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зөв ойлголт, мэдлэгийг олгох боломжтой юм. Та бүхэн доорх судалгаанд идэвхитэй оролцохыг хүсч байна.

Судалгааг munkh_erdene2004@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Бэлтгэсэн Ц.Мөнх-Эрдэнэ /БГДЭХАШШ-н Шүүгч/

ОУ-ын Шүүгчдийн Холбооны 2019 оны асуумж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь

хэвлэл мэдээллийн оролцоо

А. Шүүн таслах ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хамгаалах нь

  1. Шүүх хуралдааны явцад шүүх хурлын танхимд хэвлэл мэдээлэл хэрхэн ажиллах талаарх дүрэм журам байдаг уу? Хэрэв байдаг бол тайлбарлана уу?
  2. Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах эсвэл бичлэг хийх нь зөвшөөрөгддөг үү? Хэрхэн яаж шүүх хурлыг шууд дамжуулах эсхүл бичлэг хийхээс сэргийлэх вэ? Шүүх хурлыг шууд дамжуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж боддог уу?
  3. Шүүх хуралдааны өмнө болон дараа шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шүүгдэгч яллагчийн өмгөөлөгч, гэрч ярилцлага өгч болох уу?
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон дараа хэвлэл мэдээлэл сурвалжлага хийх талаар хязгаарлалт байдаг уу? Хэрэв байдаг бол энэ хязгаарлалт нь бүх төрлийн хэрэгт хэрэглэгддэг үү?
  5. Таны хянан шийдвэрлэж байсан хэргийн шийдвэрт хэргийн аль нэг тал хэвлэл мэдээллээр дамжуулан нөлөөлж байсан уу? Жишээ нь хэвлэл мэдээллээс болж гэрч өмнө өгч байсан мэдүүлгээ өөрчлөх, шүүгдэгч мэдүүлгээ өөрчлөх зэрэг, дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан бэ?
  6.  Хэргийн оролцогч нарыг хэвлэл мэдээллийн нөлөөнд автуулахгүй байх талаар шүүгч юу хийж чадах вэ?

Б. Хэвлэл мэдээлэлтэй харилцах талаар

  1. Шүүх хуралдааны явцад хэвлэл мэдээллийн төлөөлөгчид бусад оролцогчдоос онцлог эрх байдаг уу? Ямар нэгэн тусгай зохицуулалт байх шаардлагатай юу?
  2. Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл болон олон нийтэд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч эсхүл шүүгч өөрөө мэдээлдэг үү? Таны хувьд ямар хэлбэрээр хэвлэл мэдээлэл олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үздэг вэ?
  3. Шүүх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг уу? Хэрэв тийм бол шүүх хэвлэл мэдээллийн байгууллагатай ямар хэлбэрээр хамтран ажиллавал илүү үр дүнтэй гэж үздэг вэ?

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: