Удирдах зөвлөлийн хурал боллоо

2019 оны 08 сарын 19 622 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хийв. Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Цэнд, Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө, онлайнаар Ц.Мөнхтулга, Т.Цэцэгмаа, нар оролцон хуралдаж, холбооны гүйцэтгэх захирал Н.Дамирансүрэн хуралд оролцож, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч-Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсүрэнгийн саналыг танилцууллаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь нийтэд ил тод байж, хэлэлцүүлэг явагдаж байгаа тул шүүгч гишүүдийг идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг мэдэгдэх, мөн Улсын Их хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан төслүүд нэгтгэгдсэний дараа нийт шүүгчдээс санал авч ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтов.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаатай холбогдуулан тус Холбоо нь төвч байр сууринаас хандах үүднээс шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандах, шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах бүрэн эрхийн хүрээнд уг асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсч энэ асуудлаар эрх бүхий байгууллагад хандахыг уламжлан албан бичиг хүргүүлэхээр тогтов.  

3. Бүгд Найрамдах Казакстан Улсын Астана хотод 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон Улсын Шүүгчдийн холбооны 62 дахь удаагийн ээлжит хуралд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулахаар төлөвлөснийг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжив.  

Жич: Олон Улсын Шүүгчдийн холбооны хуралд оролцох 2 шүүгч-гишүүний зардлын асуудлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Бүгд Найрамдах Казакстан Улсад Монгол Улсаас суугаа элчин сайдын яамны зөвлөх Ч.Амарболд нартай Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн санал солилцсоны эцэст Шүүхийн Ерөнхий Зөвлөл 5 000 000 төгрөг, бусад зардал, үйлчлэх асуудалд Бүгд Найрамдах Казакстан Улсад Монгол Улсаас суугаа элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэхээр тохиролцож, Монголын Шүүгчдийн холбооноос ямар нэгэн зардал гаргахгүй болсныг мэдэгдэж байна.  

4. Тус шүүгчдийн холбооны “Нэгдсэн групп” нээж бүх гишүүдийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтулга, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар хариуцахаар болов.  

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: