Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тойм

2020 оны 03 сарын 19 696 удаа нээгдсэн

2020-03-12                                                                                                Улаанбаатар хот

Хуралдаанд холбооны тэргүүнийг түр орлон гүйцэтгэгч Ч.Цэнд, удирдах зөвлөлийн гишүүн Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн, Ц.Ичинхорлоо, онлайнаар Ц.Мөнхтулга, Т.Цэцэгмаа, С.Ганчимэг, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нягтлан бодогч Х.Бадамжаргал, нарийн бичгийн дарга н.Мөнхцэцэг нар оролцов.

          Тус хурлаар Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017-2019 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар санал солилцож, мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны 3 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан сонгууль зохион байгуулах ажлын хэсэг-тооллогын комиссыг байгуулан, холбогдох шийдвэрийг гаргасан болно.

1.Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017-2019 онд хийсэн ажлын тайланг гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн танилцуулж, үүнтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан саналыг тусгаж, тайланг веб сайтад тавих, бүх салбарууд тайланг эх хувиар нь хүргүүлэхээр тогтов.

2.Салбар хороодын гишүүдийн тоо, жилд хийсэн ажлын тайлан зэргийг харгалзан 29 салбар тус бүр 400.000 төгрөг, 16 салбар тус бүр 300.000 төгрөг, 4 салбар тус бүр 200.000 төгрөг өгч үйл ажиллагааг нь дэмжих шийдвэр гаргав.

3.Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны 3 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан сонгууль зохион байгуулах ажлын хэсэг-тооллогын комиссыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөх О.Зандраа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг, Дээд шүүхийн мэдээлэл технологи хариуцсан референт Э.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар дараах чиглэл өгөв. Үүнд:

              а.Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг нийт гишүүдийн оролцоотойгоор, цахим хэлбэрээр явуулах,

          б.Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших, холбооны www.judge.mn веб сайтын гишүүний булангаар дамжин саналаа өгч сонгуульд оролцох удирдамжийг веб сайт, майл хаяг, гар утас болон бусад хэлбэрээр гишүүдэд хүргүүлэх, Салбар хорооноос нэр дэвшигчдийг баталгаажуулж ажлын хэсэгт хүргүүлэх шийдвэр болон нэр дэвшигчийн талаарх танилцуулгын загварыг www.judge.mn веб сайтад байршуулах,

 

               в.2020 оны  3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Салбар хороо бүр Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсэгт мэдэгдэх,

                г.4 дүгээр сарын 06-наас 13-ны өдрийн хооронд санал хураалтын бэлтгэлийг хангаж, нэр дэвшигчдийн жагсаалт, тэдний танилцуулгыг www.judge.mn веб сайтад байршуулах,

 

          д. 4 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийн хооронд санал хураалтыг холбооны www.judge.mn веб сайтыг ашиглан цахим хэлбэрээр явуулах.

              е. Тооллогын комисс нь 4 дүгээр сарын 25-ны дотор санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дүнг нэгтгэн, холбооны Удирдах зөвлөлд танилцуулах.

          4.Тооллогын комиссын дүнг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн, шинээр сонгогдсон Холбооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг баталгаажуулах. 

          5. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн холбооноос гишүүддээ өмнө нь өгч байсан мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн, гишүүн-шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад өгөх мөнгөн дүнгийн хэмжээг 200.000 төгрөг, гишүүн-шүүгч хүнд өвчнөөр өвдсөн, нас барсан тохиолдолд 300.000 төгрөг, гишүүн-шүүгчийн эхнэр /нөхөр/ нас барвал 200.000 төгрөгийн тусламж үзүүлж байх шийдвэрийг тус тус гаргав.   

 

 

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: