ШҮҮГЧИД НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ ТАЛААРХ ЗААВАР ЗӨВЛӨМЖ

2020 оны 05 сарын 15 735 удаа нээгдсэн

“Шүүгч ба Нийгмийн сүлжээ” сэдвээр Монголын Шүүгчдийн холбооны гишүүд хэлэлцүүлгийг 2019 онд зохион байгуулж байсан билээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-н Хар тамхи зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2018 онд  Шүүгчид нийгмийн сүлжээг хэрхэн зүй зохистой ашиглах талаар авсан судлагаанд үндэслэн  Шүүгчид нийгмийн сүлжээг ашиглах талаарх заавар зөвлөмж буюу Доха-н Тунхаглалыг  боловсруулжээ. Уг зөвлөмжид шүүгч нь нийгмийн сүлжээнд хувийн мэдээ, мэдээллийг хэрхэн нийтлэх, ямар төлөв байдлаар нийгмийн сүлжээнд олон нийттэй харилцах талаарх мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж цаашлаад шүүгчдэд цахим мэдээ, мэдээлэл, нийгмийн сүлжээг ашиглах талаарх үргэлжилсэн сургалтыг тогтмол зохион байгуулж байхыг санал болгосон Дохагийн Тунхаглалыг  та бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна.

https://www.unodc.org/res/ji/import/international_standards/social_media_guidelines/social_media_guidelines_final.pdf

Орчуулж,бэлтгэсэн:БГДЭХАШШүүхийн

Шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ

ШҮҮГЧИД НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ

ТАЛААРХ ЗААВАР ЗӨВЛӨМЖ

Удиртгал

Доха-н тунхаглалыг хэрэгжүүлэх Глобал Хөтөлбөр нь 2015 онд Эрүүгийн эрх зүй болон гэмт хэргээс урьдчлан сэргийлэх НҮБ-н 13 дугаар хуралдаанаар НҮБ-н Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэмжлэгтэйгээр батлагдсан. Энэхүү тунхаглал нь авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бүхий л оролдлогыг хийх мөн төрийн захиргааны байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах хэм хэмжээг хэрэгжүүлэх болон Эрүүгийн эрх зүйн системийн шударга, хариуцлагатай байдлыг хөхиүлэн дэмжиж НҮБ-н авлигын эсрэг конвенцид нийцүүлэхэд гишүүн орнуудын оролцоог дахин баталгаажуулсан юм.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс шүүх эрх мэдлийн шударга байдлын гол санаачлага түүний тулгуур болсон  Global Judicial Integrity Network хөтөлбөрийг 2018 оны 4-р сард Австрийн Вена хотод баталсан.

Global Judicial Integrity Network хөтөлбөр нь шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, эрүүгийн эрх зүйн системийг авлигаас урьдчилан сэргийлэх бэхжүүлэх үндэс суурийг олгож байгаа юм.

Global Judicial Integrity Network хөтөлбөрөөс санаачилан 2018 оны 4-р сард зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр цахим хэлбэрээр олон улсын хэмжээнд шүүгчид болон эрүүгийн эрх зүйн системийн бусад салбарын төлөөлөгчдөөс нийгмийн сүлжээг ашиглахтай холбоотой авсан судлагаанд шүүх эрх мэдлийн төлөөллүүд анхаарал татсан асуудлуудыг илэрхийлж байсан. Улмаар энэхүү асуудал нь Шүүхийн шударга байдлын тунхаглалд тусгагдахад чухал нөлөө үзүүлсэн юм. Энэхүү тунхаглал нь нийгмийн сүлжээ, цахим мэдээ, мэдээллийн технологуудийн шүүхийн бие даасан байдал, шүүн таслах ажиллагааны шударга байдал болон шүүгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад туслах аргачлалыг боловсруулахын чухлыг цохон тэмдэглэсэн юм.

Global Judicial Integrity Network хөтөлбөр нь а) энэ асуудалд хэрхэн хандах талаар эргэлзэж байгаа шүүх эрх мэдлийн байгууллагад гол эх сурвалж болох

б) шүүгчид нийгмийн сүлжээг ашигласнаар учирч болох эрсдэл болон боломжуудын талаар шүүгчдэд таниулах аргачлалыг боловсруулах эхлэлийг тавьсан юм.

Доорх зөвлөмжийг цахим мэдээ, мэдээлэл, технологийн мэргэжлийн хүмүүсийн судлагаанд үндэслэн хэлэлцсэний үр дүнд боловсруулсан юм.

Нийгмийг сүлжээг ашиглах талаарх ойлголт шүүгчид учирч болох эрсдэл болон боломж

  1. Шүүгч нь нийгэмд энгийн иргэн болон шүүн таслах чиг үүрэг хэрэгжүүлэгч субьектийн аль алинд нь хамаардагаараа онцлог юм. Цахим үйл ажиллагааны оролцоо нэмэгдэж байгаа эрин үед шүүгчийг нийгмийн сүлжээнд тохиромжтой байдлаар оролцохыг хориглож болохгүй юм. Нийтийн тусын тулд шүүгчийн оролцоо байх боловч шүүх засаглал болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүйгээр тэнцвэртэйгээр оролцох ёстой.
  2. Бангалорын зарчим, олон улсын болон бүс нутгийн дүрэм журам, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ нь шүүгчийн амьдралд баримталдаг шиг цахим орчинд ч дээрх зарчмуудыг баримтлах ёстой. Нийгмийн сүлжээ нь шүүгчид олон боломжууд бас сорилтуудыг бий болгож байна энэ нь Бангалорын зарчимтай арай өөр байдлаар холбогдож байгааг шүүгчид мэдэж байх ёстой. Магадгүй цахим технологийг хэрэглэхдээ шүүгчид илүү анхаарал болгоомжтой байх шаардлагатай.
  3. Шүүгчид нь нийгмийн сүлжээний талаар үндсэн мэдлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн сүлжээ нь мэдээллийг хэрхэн яаж нотлох баримт болгож болох вэ гэдгийг хүртэл мэддэг байх ёстой.
  4. Шүүгч нь нийгмийн сүлжээг хувийн амьдралдаа хэрэглэхдээ гарч болох эрсдэл, ашиг тус, хуурамч мэдээлэл зэргийн талаарх тодорхой сургалтанд хамрагдах ёстой.
  5. Нийгмийн сүлжээг ашиглаж байгаа шүүгч нь шударга ёс, соёлтой байдал, шүүх байгууллагын нэр хүнд, ёс суртахууны хэм хэмжээг сахих ёстой.
  6. Шүүгчид нь цахим мэдээ, нийтлэл, бүлэг нэгдлийн талаарх ерөнхий мэдлэгтэй байж анхаарал хандуулж байх ёстой. Нийгмийн сүлжээний онцлог нь мэдээ мэдээллийн утга агуулга зэрэг жижиг зүйл хүртэл том агуулгаар олон нийтэд ойлгогдох магадлалтай юм.
  7. Шүүхийн талаарх ойлголтыг нийгэм олон нийтэд олгох зорилгоор шүүх эрх мэдлийн байгууллагууд нийгмийн сүлжээг ашиглах тал дээр дэмжих нь зүйтэй. Нийгмийн сүлжээн дэх хэвлэл мэдээллийн боломжуудыг шүүгчид ашиглаж олон нийтэд хүрч болох боломж гэдгийг шүүх эрх мэдлийн зохих байгууллагууд анхаарч үзэх ёстой.
  8. Шүүгчийн ёс зүйн зарчмыг зохицуулдаг Бангалорын зарчмыг шүүгч нийгмийн сүлжээг ашиглан олон нийт болон хуульчдад мэдлэг мэдээлэл түгээж олон нийттэй харилцахдаа баримталж болно.
  9. Шүүгчид нийгмийн сүлжээг тодорхой түвшинд ашиглаж байгаа нь тэдний шүүн таслах чиг үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг батлах ёстой.
  10. Нийгмийн сүлжээг шүүх эрх мэдлийн байгууллага ашиглах нь хувь хүн ашиглахаас ялгаатай бөгөөд дараах нөхцөлүүдэд ач холбогдолтой юм. Үүнд а) шүүн таслах ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй болгох б)хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнтэй байдлыг захиргааны түвшинд хэрэгжүүлэх в)хариуцлагатай байдал г)ил тод байдал д) шүүх, шүүх эрх мэдлийн байгууллагын талаар олон нийтэд ойлгуулж итгэх итгэлийг нэмэгдүүлж шүүхэд хүндэтгэлтэй болгох
  11. Шүүхүүд шүүн таслах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж тодорхой портал платформ бий болгохоор ажиллаж байгаа ч шүүхийн хэрэглэгчдийн нэвтрэх боломж нь тэдний нийгмийн сүлжээн дэх хувийн мэдээллийг ашиглан нэвтрэх эрсдэлтэй бөгөөд нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулахыг анхаарах нь зүйтэй.

Нийгмийн сүлжээн дэх шүүгчдийн хувийн мэдээлэл

  1. Шүүгчид магадгүй өөрсдийн жинхэнэ нэр болон албан тушаалын байдлаа ч нийгмийн сүлжээнд мэдээлж болох ба энэ нь шүүгчдийн ёс зүйн дүрэм, журам, хэм хэмжээг зөрчихгүй.
  2. Энэхүү аргачлалыг боловсруулах явцад шүүгч нь нийгмийн сүлжээнд хуурамч нэр хаяг ашиглан үзэл бодлоо хурц ёс зүйгүй байдлаар илэрхийлсэн тохиолдолд хэрхэх талаар тодорхой шийдэлд хүрээгүй болно. Хэдийгээр нийгмийн сүлжээнд ч гэсэн шүүгч нь мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой юм. Хуурамч нэр хаягийг нийгмийн сүлжээнд ашиглах нь хэзээ ч ёс зүйгүй авирлах боломжийг бий болгож болохгүй. Хуурамч нэр хаяг ашиглах нь таны жинхэнэ нэр албан тушаалыг мэдэгдүүлэхгүй гэх баталгаагүй юм.
  3. Шүүгчид нь нийгмийн сүлжээн дэх цахим платформуудыг ашиглахдаа хувийн болон албаны мэдээллээ тус тусад нь тохиромжтой платформд хэрэглэх нь ач холбогдолтой гэдгийг анхаарах ёстой. Нийгмийн сүлжээнд олон төрлийн платформууд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг ямар төрлийн мэдээлэл ямар платформд тохиромжтой мөн хэрэгцээтэй байдаг талаарх мэдлэг олгох сургалтыг шүүгчдэд зохион байгуулах нь зохино.

Нийгмийн сүлжээн дэх мэдээ мэдээлэл ба зан төлөв

  1. Шүүхийн нэр хүнд, шударга ёс шүүн таслах ажиллагааны төвийг сахиж, эрх тэгш байдалтай холбоотой зарчмын шинжтэй ойлголтууд нь нийгмийн сүлжээнд ч нэг адил дагаж мөрдөгдөнө.
  2. Шүүгч нь нийгмийн сүлжээнд хувийн үзэл бодлоо илэрхийлэх, хувийн мэдээллээ олон нийттэй хуваалцах зэргээс зайлсхийх ёстой учир нь энэ нь шүүхийн бие даасан байдал, шүүхийн шударга байдал, төвийг сахих байдал, цаашлаад шударга шүүхээр шүүлгэх эрх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дордуулж  болох юм.
  3. Шүүгч хэргийн оролцогчид болон тэдний төлөөлөгчид эсхүл олон нийттэй тодорхой хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гаргахаас өмнө санал бодол солилцож харилцах ёсгүй.
  4. Шүүгч нь нийгмийн сүлжээнд хэрэглэж байгаа үг хэллэгтэй хянамгай байж тохиромжтой үг хэрэглэж мэргэжлийн байж нийгмийн сүлжээн дэх бусад хэрэглэгчдэд хүндэтгэлтэй хандах ёстой.  
  5. Шүүгч нь бусдад хүндэтгэлтэйгээр хандах ёстой бөгөөд нийгмийн сүлжээнд бусдыг гутаан доромжилж бусдын анхаарлыг татах, бусдад нэр хоч өгөх, ялгаварлан гадуурхах зэрэг нь хориглогдоно.
  6. Нийгмийн сүлжээ нь шүүхэд нотлох баримтаар тооцогдох хэмжээний бус ч гэсэн хэргийн оролцогчдийн талаарх мэдээлэл олоход илүү хялбар болгодог гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм. Шүүгч нь хэргийн өөр харьялал бүхий нотлох баримт болон хэргийн оролцогчид болон гэрчүүдийн онцлог шинжийн талаар судлахаас татгалзах хэрэгтэй магадгүй энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй.
  7. Хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө ямар нэгэн мэдээ мэдээлэл урьдчилан нийтлэгдэх нь шүүхэд итгэх итгэл шүүн таслах ажиллагааны төвийг сахих байдал зэрэгт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Шүүгч нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу тодруулга хийх эсхүл дээрх мэдээллийг устгуулах ёстой. Хэрэв ямар нэгэн дүрэм журам байхгүй тохиолдолд шүүгч нь дээрх мэдээллийг устгах талаар анхаарал хандуулах ёстой. Магадгүй ямар арга хэмжээ авбал зохих талаар шаардлагатай зөвлөгөөг ч авч болох юм.
  8. Шүүгч нь нийгмийн сүлжээнд гутаан доромжлогдсон тохиолдолд шүүгч өөрөө шууд байдлаар хариу өгөхөөс зайлсхийж ахмад шүүгчдээс эсхүл шүүх эрх мэдлийн зохих байгууллагааас зөвлөгөө авах хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн байгууллага нь шүүгч цахим хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн яаж ямар арга хэмжээ авах талаар шүүгчдэд зориулсан зөвлөмж гаргах ёстой.
  9. Шүүгч нь өөрт сонирхолтой нийгмийн сүлжээ платформуудыг ашиглаж болно. Өөр өөр төрлийн мэдээ мэдээлэл бүхий нийгмийн сүлжээ платформ ашиглах нь өөрийн үзэл бодлыг цуурай мэт давтахаас зайлсхийж илүү үр дүнтэй байж болох талтай юм. Гэсэн хэдий ч шүүгч нь шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн төвийг сахих байдалд сөрөг нөлөө үзүүлж болох мэдээ, мэдээлэл, нийгмийн сүлжээний бүлэг зэргийг дагах ашиглахдаа болгоомжтой хандах нь зүйтэй.
  10. Шүүгч нь нийгмийн сүлжээн дэх хаягыг өөрийн болон гуравдагч этгээдийн санхүүгийн ашиг сонирхлын төлөө шууд болон шууд бус байдлаар ашиглаж болохгүй.

Нийгмийн сүлжээн дэх найз нөхөд болон харилцаа хамаарал

  1. Шүүгч нь нийгмийн сүлжээн дэх найзын хүсэлт хүлээн авах, дагах зэрэг ойлголт нь уламжлалт ойлголтоос өөр харьцангуй бага харилцаа үүсдэг гэдгийг ойлгох ёстой. Гэсэн хэдий ч нийгмийн сүлжээ, цахим харилцаа нь илүү хувийн шинжтэй түвшинд хүрсэн тохиолдолд шүүгч нь Бангалорын зарчмыг тохирох нөхцөл байдалд нь шаардлагатай үед баримтлах ёстой.
  2. Шүүгч нь нийгмийн сүлжээнд өмнө нь болон одоо ашиглаж байгаа цахим хаягаа тогтмол шалгаж өмнө оруулсан мэдээ сэтгэгдэл, харилцаа хамаарал бүхий хүмүүс зэргийг шалгаж байх ёстой.
  3. Шүүгч нь зохих ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүднээс найз, дагагч зэргийг хасах алхамуудыг хийх бөгөөд зарим тохиолдолд үл ойлгогдох, сэжиг төрүүлэхгүй байдлыг харуулах шаардлагатай.
  4. Шүүгч нь нийгмийн сүлжээнд найзын хүсэлт хүлээж авах, харилцаа холбоо тогтоох зэрэгтээ анхаарал болгоомжтой хянуур хандаж байх  нь зүйтэй.
  5. Цахим орчинд үл ойлгогдох мэдээ мэдээлэл, тодорхойгүй харилцаа бий болсон тохиолдолд шүүгч нь хэвлэл мэдээллийн мэргэжилтэн эсхүл шүүхийн эрх бүхий байгууллагын ёс зүйн зөвлөхөөс зөвлөгөө авах нь тохиромжтой.
  6. Шүүгч нь хэргийн оролцогчид болон тэдгээрийн оролцогч гэрч болон хэргийн талаар сонирхол бүхий хүмүүст найзын хүсэлт явуулах, найзын хүсэлт хүлээн авахаас зайлсхийх ёстой.
  7. Шүүгч нь нийгмийн сүлжээнд өөрийн ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүд, шүүхийн хамтран ажиллагсдыг ёс зүйн хүрээнд хэрхэн бүртгүүлэх талаар сургалтанд хамрагдах ёстой.

Хувийн мэдээллийн аюлгүй байдал

  1. Шүүгчидэд зөвлөхөд өөрсдийн хэрэглэж буй нийгмийн сүлжээний хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх дүрэм журам, тохиргоотой танилцаж тогтмол шалгаж хувийн болон байгууллагын нэр хүндийг хамгаалж байх ёстой.
  2. Нийгмийн сүлжээний аливаа платформын тохиргооноос үл хамааран шүүгч нь нийгмийн сүлжээнд магадгүй ичгэвтэр байдалд оруулж болох тохиромжгүй мэдээ, мэдээлэл, сэтгэгдэлд  холбогдохгүй байх хэрэгтэй.
  3. Шүүгч нь нийгмийн сүлжээнд хувийн мэдээллийг зохистой нийтлэх болон гарч болох  эрсдэлийн талаар мэдлэгтэй байх ёстой. Шүүгч нь өөрийн байршил болон түүнтэй адилтгах мэдээллийг нийгмийн сүлжээнд шууд болон шууд бусаар нийтлэхдээ ялангуяа хувийн мэдээллийн аюулгүй байдалд учирч болох эрсдлийн талаар мэдлэгтэй байх ёстой. Нэмж дурдахад шүүгч нь өөрөө нийгмийн цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгч биш боловч түүний гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад зэрэг нийгмийн сүлжээний идэвхитэй хэрэглэгчид түүний хувийн мэдээллийн аюулгүй байдалд аюул учруулж болно гэдгийг мэдэх хэрэгтэй.
  4. Нийгмийн сүлжээг шүүгч нь идэвхитэй идэвхигүй хэрэглэхээс үл хамаарч тухайн платформ нь таны талаар ямар хувийн мэдээлэл хүлээн авна түүндээ үндэслэн танд тохирох мэдээлэл хүргэх болно гэдгийг шүүгч мэддэг байх ёстой.
  5.  Шүүгч нь нийгмийн сүлжээг ашигладаг эсэхээс үл хамааран олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах талаар болгоомжтой байх ёстой учир нь таны зураг, бичлэгийг хийж нийгмийн сүлжээнд маш богино хугацаанд түгээх боломжтой.
  6. Шүүх болон шүүх эрх мэдлийн байгууллага нь шүүгчид нийгмийн сүлжээн дэх цахим хаягаа хэрхэн үр дүнтэй  ашиглах талаар сургалт зохион байгуулах ёстой.

Сургалт

  1. Шүүгчдэд зохих асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах ёстой. Үүнд
  • Ямар нийгмийн сүлжээний платформ хэрэглэхэд нээлттэй талаар,
  • Эдгээр платформууд нь хэрхэн ажилладаг талаар,
  • Эдгээр платформуудыг ашигласнаар ямар ач холбогдолтой талаар,
  • Эдгээр платформуудыг ашигласнаар ямар ач холбогдолтой,  ямар эрсдэл учирч болох талаар,
  • Шүүгч нь нийгмийн сүлжээг ашиглаж хэрхэн яаж өөрийн аюулгүй байдал, албаны нэр хүнд болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах талаар,
  • Шүүгчийн гэр бүлийн гишүүд хэрхэн яаж нийгмийн сүлжээг ашиглах талаар мэдээлэлтэй болж  шүүгчийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүйгээр амжилттайгаар ажил үүргээ гүйцэтгэх нөхцлийг хангах талаар,
  • Шүүхийн ажилтнууд нийгмийн сүлжээг хэрхэн яаж хэрэглэх энэ нь магадгүй шүүхийн нэр хүнд, шүүхийн бие даасан байдалд нөлөөлж болох талаар,
  • Яагаад хэргийн оролцогчдын талаарх шүүхийн өмнө нотлох баримтаар үнэлэгдэхгүй мэдээллийг нийгмийн сүлжээнд хайж олохоос зайлсхийх ёстой талаар,
  1. Энэхүү сургалтыг шинээр томилогдсон шүүгчдэд зохион байгуулах хэрэгтэй. Үүнээс гадна тухайн сургалт нь тогтмол үргэлжилсэн сургалт байх ба цахим хэлбэрээр нээлттэй байх ёстой.
  2. Шаардлагатай тохиолдолд нууцлал бүхий лавлагаа, зөвлөгөө авах эх сурвалжууд нээлттэй байх ёстой. Шүүх эрх мэдлийн байгууллага нийгмийн сүлжээг хэрэглэх талаар ач холбогдол бүхий заавар аргачлал боловсруулах талаар анхаарч үзэх нь зүйтэй.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: