Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан

2012 оны 01 сарын 11 4946 удаа нээгдсэн

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ

УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Улсын Дээд шүүхийн даргаар 1940-1953 онд ажиллаж байсан Шүүгч С.Цэдэнноров агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны дүн гарч 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шагнал гардуулах ажиллагаа болж өндөрлөлөө.

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны зорилго, болзол, дүгнэх журам болон хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулсанаар эхэлсэн уг ажиллагаанд Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, гавьяат хуульч, Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Бямбаа, Академич С.Нарангэрэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Б.Сарантуяа, Нийслэлийн шүүхийн шүүгч, ажилтнууд, Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн С.Цэдэнноров агсны талаар товч танилцуулга хийсний дараа Академич С.Нарангэрэл өөрийн дурсамжаа хуваалцсан юм.

Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Улсын Дээд шүүхийн дэргэдэх Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй уралдааныг дүгнэх комиссын зүгээс шилдэг 20 илтгэлийг шалгаруулсанаас нэгдүгээр байранд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, хоёрдугаар байранд Дорнод аймгийн шүүхийн шүүгч Л.Наранбаяр, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Ганбаатар, гуравдугаар байранд Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгч Д.Цогтсайхан, Дархан-Уул аймгийн шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Ц.Батзаяа нарын ирүүлсэн илтгэлүүд шалгарлаа.



Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан илтгэлийн уралдааны талаар хэлсэн үгэндээ “…Улсын Дээд шүүхийн даргаар ажиллаж байсан С.Цэдэнноров гэдэг хүний хувьд би мэдэхгүй. Энд сууж байгаа хүмүүсийн хувьд бол С.Нарангэрэл багшаас бусад нь бол сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Олон жил ажиллаж байгаа гэдэг үүднээсээ Бямбаа шүүгч тодорхой хэмжээгээр таньж мэддэг байсан байх. Гэтэл энэ хүн 19 жил Улсын Дээд шүүх хэмээх Монгол Улсын шүүхийн дээд байгууллагыг тэргүүлж, толгойлж явсных нь төлөө энэ олон залуу шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд тэр хүний гавъяаг тэмдэглэж, тэр хүний хийсэн бүтээсэн болгоныг нь үнэлж энэ илтгэлийн уралдаанд оролцсон байх гэж бодож байна. Миний зүгээс ирүүлсэн энэ олон илтгэлийг эхнээс нь дуустал нь хүн бүрийн илтгэлүүдийг маш сонирхолтойгоор, маш анхааралтайгаар үнэхээр сэтгэл догдлон уншсан гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Хүн болгон бие биетэйгээ адилгүй байдагтай адил энэ илтгэлүүд хэдий адилхан сэдвээр бичигдсэн ч гэсэн өөр өөр өнгө зүстэй, өөрийн гэсэн дүр төрхтэй байсаныг онцлон хэлмээр байна” гэв.

Уг Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд ирүүлсэн шилдэг 20 илтгэлийг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн 4 дүгээр улирлын тусгай дугаар болгон хэвлүүлж нийтийн хүртээл болголоо.


 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: