Шүүхийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай

2020 оны 12 сарын 23 989 удаа нээгдсэн

                                                               

Шүүхийн тухай хуулийн төсөлд

санал хүргүүлэх тухай

 

 

Эрхэм гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!

 

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөл нь шүүхийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход түүхэн чухал ач холбогдолтой болохыг шүүгчид дэмжиж байгаа билээ.

Уг хуулийн төсөлд ахиц, дэвшилттэй заалтууд олон байгаа боловч төслийн зарим заалт болон энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр судлаач, мэргэжилтнүүдийн зүгээс гаргаж байгаа санал, мэдээлэл дотор олон улсад тогтсон жишиг, зөв үзэл хандлага, эрх зүйн суурь зарчимд тэр бүр нийцэхгүй асуудлууд байсаар байна.

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэ түвшинд гаргах, шүүгчдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар шударга ёсыг тогтоох, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх асуудлыг чухалчлан тавьж буй УИХ-ын гишүүдийн үзэл бодолтой шүүгчид зарчмын хувьд ижил байр суурьтай байгаа болно.

 Одоогийн хуулийн төслийн хүрээнд болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинээр байгуулагдах Сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг зэргийг нарийвчлан хуульчлах нь эдгээр байгууллагын үйл ажиллагаа хууль зүйн хувьд тогтвортой байх, иргэдийн шүүхэд болон төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, цаашид Монгол Улсын шүүх эрх мэдэл хараат бус байж иргэний эрхийг сэргээх үндсэн арга хэвээр байх нөхцөлийг хангах юм. Гэвч өргөн эрх мэдэл бүхий, халдашгүй байдлаар хамгаалагдсан ийм төрлийн байгууллага болон эрх мэдэлтнүүдийн зүгээс шүүгчийн хараат бус байдалд шууд бус замаар халдах эрсдэл байдгийг та бид өмнөх туршлагаас мэднэ.

Иймд таны цагийг хэмнэх үүднээс хуулийн төслийн талаарх холбогдох тодорхой саналуудыг энэхүү албан бичигт хавсаргав. Танд хүргүүлж буй энэхүү саналыг боловсруулахдаа аливаа нэг байгууллага, тодорхой хэсэг бүлэг шүүгчдийн зүй бус эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгыг агуулаагүй болохыг баталж байна.

Монголын Шүүгчдийн холбоо нь Олон улсын Шүүгчдийн холбооны гишүүн байгууллага бөгөөд Монголын бүх шүүгчдийн гишүүнчлэлтэйгээр 1995 онд байгуулагдсан мэргэжлийн холбоо юм.

 

Олон улсын Шүүгчдийн холбоо /ОУШХ/ нь хувь шүүгчдийг бус харин улс, үндэстнүүдийн Шүүгчдийн холбоодыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн, олон улсын, улс төрийн бус байгууллагын хэлбэрээр 1953 онд Австри улсын Зальцбург хотноо байгуулагдсан. Уг холбоо НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн газар, Олон улсын нийгэм, эдийн засгийн зөвлөл болон Европын холбоо зэрэг байгууллагад зөвлөх статустай ажилладаг, Олон Улсын Эрүүгийн шүүхэд ажиглагч гишүүн бүхий байгууллага болно.

 ОУШХ нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  “Шүүгчдийн нийтлэг дүрэм-2017”-г баталсан бөгөөд шүүх засаглалын үндсэн зарчим, бие даасан, хараат бус байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, сургалт, шүүгчийг томилох, дэвшүүлэх болон үнэлэх, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага, цалин урамшуулал, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, хамрах хүрээ зэрэг асуудлын талаарх олон улсын жишиг зарчим тогтоосон чухал баримт бичиг юм. Иймд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын эрхэм гишүүн танд мэдээлэл болгон Шүүгчдийн нийтлэг дүрэм-2017-г хавсралт саналын хамт хүргүүлж байна.

 

Уг албан бичигт хавсаргасан саналыг нийт шүүгчдийн саналд үндэслэн, Монголын Шүүгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18, 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, боловсруулж эрхэм гишүүн танд хүргүүлж байгааг анхааралдаа авч, хуульд тусгаж өгнө үү.

 

Хавсаргасан: “Шүүгчдийн нийтлэг дүрэм-2017”, Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал 9 хуудас.

 

 

 

Монголын Шүүгчдийн                           Ж.Оюунтунгалаг /Доктор /LL.D./, дэд

холбооны тэргүүн                                  профессор/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч

 

                                                                       

 

 

 

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: