Ёс зүйн сургагч багш бэлтгэх 2 дахь шатны сургалт явагдлаа.

2012 оны 08 сарын 27 4429 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны санаачилгаар ёс зүйн сургагч багш бэлтгэх, хуульчдад зориулсан ёс зүйн сургалтын хөтөлбөрийг шинэлэг агуулга хэлбэрээр баяжуулж цаашид тогтвортой явагдах ёс зүйн сургалтын тогтолцоог бий болгох төслийг Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ сургалтын эхнийх нь 2012 оны 5 сарын 26-нд явагдсаныг мэдээлж байсан, 2 дахь шатны сургалт нь 2012 оны 8 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд явагдаж дууслаа. Сургалтад сургагч багшаар шинээр бэлтгэгдэж байгаа  шүүгч нар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ёс зүйн сургагч багш  нар оролцов.

Сургалтыг урилгаар ирсэн Японы Нагояагийн Их сургуулийн профессор Ясутомо Моригива, Боловсролын Их Сургуулийн заах арга зүйн танхимын эрхлэгч доктор Ч.Байгальмаа, ЭМШУИС-ийн багш доктор С.Наранчимэг нар явуулснаас гадна урьд нь ёс зүйн чиглэлээр хичээл зааж байсан Нийслэлийн шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, УЕП-ын газрын мэдээлэл технологи дүн шинжилгээний албаны дарга Х.Батчимэг нар шинээр сонгогдсон шүүгч-багш нарт туршлагаасаа хуваалцав.

Сургалт нь шинээр бэлтгэгдэж байгаа сургагч багш нарт заах арга зүйн чиглэл, багшлах эв дүйг эзэмшүүлэх, хуульчийн ёс зүйн онолын суурь мэдлэгийг бататгах, гадаад орнуудын ёс зүйн сургалтыг явуулж байгаа арга хэлбэртэй танилцуулах зэрэг агуулгатай байлаа.

            Сургагч багш нарын дараагийн зорилт нь шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр боловсруулах, гарын авлага боловсруулж гаргах, сургалтын баг бүрдүүлэх, сургалтын зорилго, алхам, тактикийг сонгох явдал юм.

            Шүүгчийн ёс зүйг цоо шинэ шатанд гаргаж тавих түүхэн цаг үед энэ сургалтыг зохион байгуулж байгаа ба шүүгчийн ёс зүйн хөгжлийн үе шатыг урагшлуулж шүүгч өөрөө өөртөө шалгуур тавьж биелэлтийг хангаж ажилладаг ёс зүйн стандартыг боловсруулж ажиллах нь бидний хэтийн зорилго болоод байна

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: