ЭМГЭНЭЛ

2012 оны 10 сарын 01 4292 удаа нээгдсэн

 

НҮРЗЭДИЙН СҮХБААТАР

Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Сүхбаатар нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Сүхбаатар нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд  сургууль, 1984-1987 онд Хууль цаазны дунд сургууль, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.

Тэрээр хууль, шүүхийн байгууллагад тасралтгүй 22 жил үр бүтээлтэй ажиллахдаа шүүхийн шинэчлэлийг хөгжүүлэн бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх ажиллагааг сайжруулах, шуурхай, чанартай болгох, шүүхийг шинэчлэх үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулсан нэгэн байлаа.

Н.Сүхбаатар нь 1981-1982 онд Зөвлөлтийн барилгын 3 дугаар трестэд мужаан, 1982-1984 онд Засгийн газрын ордны гуанзанд ачигч, 1987-1992 онд Ажилчны районы шүүхэд /хуучнаар/ нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, 1995 онд Баянзүрх дүүргийн шүүхэд туслах шүүгч, 1995-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгч, 2004-2011 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2011-2012 онд тус шүүхийн шүүгч, 2012 оны 4 дүгээр сараас Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байв.

Н.Сүхбаатар нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр  мэдлэгтэй, арвин туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, шүүх, хуулийн байгууллага, хамт олныхоо дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч байсан юм.

Түүний хөдөлмөрийг үнэлж, 1998 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, 2001 онд “Ардын хувьсгалын 80 жил”-ийн ойн медаль, 2006 онд “Их Монгол улс байгуулагдсаны 800 жил”-ийн ойн медаль,  2007 онд “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг,  2010 онд  “Алтан гадас” одонгоор шагнаж байсан билээ.

Талийгаачийн хүний төлөө гэсэн дотно элэгсэг, хүнлэг, эгэл даруу,  хөдөлмөрч, шударга, зарчимч зан чанар нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: