Монголын шүүгчдийн холбоо Олон шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэн дэлгэрэнгүй танилцуулга

2012 оны 12 сарын 25 4513 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Ц.ЦОГТ-той хийсэн ярилцлага

 

Сайн байна уу, сайн явж ирсэн үү, юуны түрүүнд Монголын шүүгчдийн холбоо Олон шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэнд баяр хүргъе.Олон улсын шүүгчдийн холбоог танилцуулахаас яриагаа эхлэх үү.

За тэгье. АНУ-ын Вашигтон хотод болсон Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтад Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл оролцож, тус холбоонд Монгол шүүгчдийн холбоо жинхэнэ гишүүнээр элслээ. Олон улсын шүүгчдийн холбоо нь 1953 онд Австри улсын Зальцбург хотноо тухайн үеийн Европын зарим улсын шүүгчдийн санаачлагаар анх үүсгэн байгуулагдсан.

Тус холбооны гол зорилгыг улс орнуудын шүүгч нарын бие даасан, хараат бус байдлыг хангах замаар дэлхий нийт даяар шударга ёсыг хөхүүлэн дэмжих явдал гэж тодорхойлсон. 2012 оны 11 дүгээр сарын байдлаар Олон улсын шүүгчдийн холбоо нь 5 тивийн 78 улсын шүүгчдийн холбоог эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. Олон улсын шүүгчдийн холбоо нь хувь шүүгч хүнийг бус гагцхүү улс орнуудын шүүгчдийн холбоог гишүүнээр элсүүлдэг, улс төрийн бус олон улсын байгууллага юм.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь юу вэ

Тус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн 2 хэлбэртэй.

Нэгдүгээрт: Энэ байгууллага дотроо 4 групптэй. Эхний групп болох Европын групп байх бөгөөд тэр нь “Европын шүүгчдийн холбоо” гэж нэрлэгддэг, одоогийн байдлаар 42 улсын шүүгчдийн холбоог багтаасан байна. Хоёрдахь групп бол Өмнөд болон төв америк групп бөгөөд  14 улсын шүүгчдийн холбоог энэ группт байдаг. Мөн 12 гишүүн улстай Африкийн групп байх бөгөөд, сүүлийн дөрөв дэх групп болох Ази, хойд америк, далайн улсуудын  групп буюу 10 гишүүн улстай. Ийнхүү газар нутаг, бүсээрээ хуваагдсан энэ 4 групп нь Олон улсын шүүгчдийн холбооны үйл ажиллагаагаа явуулдаг гол хэлбэр. Эдгээр групп тус бүр жил болгон уулзалтаа тусдаа хийдэг. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил Монгол Улсын шүүгчдийн холбооны төлөөлөл Ази, хойд америк, далайн улсуудын  группын интернетээр хийсэн уулзалтад оролцсон.

Хоёрдугаарт: Олон улсын шүүгчдийн холбоонд нийт дөрвөн судалгааны хороо байдаг. Нэг дэх хороо нь шүүхийн статус, шүүхийн захиргааг буюу шүүхийн бие даасан, хараат бус байдал, шүүхийн эрх хэмжээ, хандлагыг судалдаг. Мөн иргэний хууль, иргэний процессын хууль болон нь эрүүгийн хууль, эрүүгийн процессийн хуулийг судалдаг тус бүр нэг хороо байдаг. Дөрөв дэх судалгааны хороо нь нийтийн болон нийгмийн хуулийг судалдаг. Эдгээр судалгааны хороод нь тухайн жилдээ өөрийн ерөнхий сэдвийн хүрээнд нэг дэд сэдэв сонгоод, түүний дагуу судалгааны асуултууд боловсруулан бүх гишүүд рүүгээ явуулна. Гишүүд нь асуултын дагуу өөр өөрийн улсын практикийг судлан хариултыг хүргүүлдэг. Судалгааны хороо нь дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд тэдгээр хүмүүс нь гишүүн орноос ирсэн судалгаанд анализ хийж боловсруулаад тухайн жилийн Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, судалгааг нэгтгэдэг.  Жишээлбэл сая болж өнгөрсөн Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтад нэгдүгээр судалгааны хороо “Дагнасан шүүх гэж юу вэ, дагнасан шүүх улс орнуудад ямар байдлаар ажиллаж байгаа болон түүний давуу тал, сөрөг хандлага юу байна вэ” гэдэг сэдвээр энэ жилийн судалгааг явуулсан байсан.

Олон улсын шүүгчдийн холбоо нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээ дээр дурдсан 2 бүтцээрээ дамжуулан явуулдаг.

Нэмж хэлэхэд Олон улсын шүүгчдийн холбоо нь НҮБ-д зөвлөхийн статустайгаар ажилладаг тул НҮБ-д өөрийн төлөөлөгчтэй байдаг. Одоогийн байдлаар НҮБ дэх Олон улсын шүүгчдийн холбооны төлөөлөгчөөр АНУ-ын шүүгч Жоанна  Сайбэрт ажиллаж байна.

Олон улсын шүүгчдийн холбооны www.iaj-uim.orgвэбсайтыг та бүхэн мэдэж байгаа. Энэ сайт маань хакерийн халдлагад өртсөний улмаас тодорхой хугацаанд ажиллахгүй байсан ба сая уулзалтын үеэр танилцуулснаар 2013 оны 1 сараас шинэ сайт ажиллаж эхлэх юм байна. Энэхүү сайт нь олон хэл дээр мэдээлэл авах боломжтойгоор гардаг. Манай шүүгч нар тус сайтаас англи, испани, франц, герман гэх мэтчилэн гадаад хэлээр мэдээлэл авах боломжтой гэдгийг дашрамд дурдъя.

Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалт ямар зохион байгуулалттай болж өнгөрөв.

Нэн түрүүнд уулзалтын дарааллыг танилцуулъя. Эхний ээлжинд бүсийн группын уулзалтууд нэг өдөр болж өнгөрсөн. Олон улсын шүүгчдийн холбооны энэ жилийн уулзалтыг хүлээн авагч АНУ-ын “Холбооны шүүгчдийн холбоо”-той хамтран зохион байгуулж байсан учраас бүсийн группын уулзалтын дараа  Вашингтон хоттын түүхэн дурсгалт газруудыг танилцуулах аялал зохион байгуулсан.  АНУ нь холбооны улс учраас мужийн шүүх болон  холбооны шүүхтэй бөгөөд Холбооны шүүгдийн холбоо нь Олон улсын шүүгчдийн холбоонд гишүүнээр элссэн байдаг юм билээ. Монголын шүүгчдийн холбооны төлөөллийн хувьд Вашингтон хотын дурсгалт газруудтай танилцах аялалд хагас өдөр оролцоод, үдээс хойш өөрсдийн төлөвлөгөөний дагуу Дэлхийн банкны хуулийн хэлтсийн Монгол Улсыг хариуцсан хүмүүстэй уулзсан. Эдгээр арга хэмжээний дараагийн 3 өдөр Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлийн хуралдаан үргэлжилсэн. Төв зөвлөлийн хуралдаан явагдаж байхад дунд нь судалгааны хороо хуралдсан ба түүний дараа Төв зөвлөлийн хуралдаан үргэлжилсэн.

Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтын үеэр  шүүгч нарыг хоёроос гурван хуулийн сургуулиудаар зочлуулж, сургуулиудыг танилцуулсан. Энэ удаагийн 55-р уулзалтыг Олон улсын шүүгчдийн холбоо болон  АНУ-ын шүүгчдийн холбоо хамтран зохион байгуулсан ба анх удаа Олон улсын шүүгчдийн холбооны уулзалт АНУ-д болсон юм. Мөн түүнчлэн АНУ-ын оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн байгууллага буюу манайхаар бол Оюуны өмчийн газар нь энэхүү хуралдааныг дэмжигч байгууллагаар оролцож, олон хуралдааныг зэрэг хийх боломжтой байр, танхимыг бэлдэн, бүх уулзалтуудын зохион байгуулалтыг хангаж байсан. Нөгөө талаас Холбооны шүүхийн маршалын алба гээд шүүхийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах үүрэг бүхий байгууллага нь энэхүү 55-р уулзалтын аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцаж байсан.

Нэг талаас Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтыг дэмжиж, зохион байгуулалтыг хангаж буй байгууллага нь А.Н.У-ын Оюуны өмчийн газар учраас энэ жилийн Олон улсын шүүгчдийн холбооны Судалгааны хороодын судалсан сэдвүүд нь оюуны өмчийн чиглэлээр хийгдсэн байсан. Тухайлбал эрүүгийн эрх зүйн судалгааны хороо нь оюуны өмчийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт, иргэний эрх зүйн судалгааны хороо нь мөн ийм чиглэлээр гэх мэт.

Манай төлөөлөгчдийн оролцоо ямар байв. Бүсийн группын уулзалтаар ямар асуудлийг хэлэлцдэг юм бэ.

Монголын шүүгчдийн холбоо энэ жил Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтад 2 төлөөлөгчөө илгээсэн. Ажиглагч гишүүний хувьд Олон улсын шүүгчдийн холбооны уулзалтад 2 хүртэлх гишүүн илгээх боломжтой байдаг. Энэ удаагийн уулзалт манай улсын шүүгчдийн холбооны хувьд чухал ач холбогдолтой байсан тул төлөөлөгчөө оролцуулах талаар бид нэлээн эртнээс төлөвлөсөн. Учир нь Монголын шүүгчдийн холбоо нь Олон улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсэхээр нэг жил хагасын өмнө гаргасан өргөдлийг энэ хугацаанд Олон улсын шүүгчдийн холбоо судалж, үүнтэй холбоотой тайлан мэдээллийг бэлтгэсэн байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар Төв зөвлөл болон бүсийн хуралдаанаар тухайн тайланг хэлэлцэн шийдвэрлэх байсан тул манай зүгээс өөрийн төлөөлөгчөө зайлшгүй оролцуулах шийдвэрийг шүүгчдийн холбооны удирдах зөвлөлөөс гаргасан. Үүний дагуу Монголын шүүгчдийн холбооны тэргүүн Б.Батцэрэн, удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны асуудлыг хариуцаж буй утгаараа миний бие тус уулзалтад оролцоод ирсэн. Зардлын хувьд гишүүдэд вэбсайт болон и-мэйлээр зардлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулгыг хүргүүлж байсан. Онгоцны зардлыг Монголын шүүгчдийн холбооны санхүүжилтээр, бусад зардал буюу зочид буудлын болон замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцсан. Дашрамд хэлэхэд энэ боломжийг олгож, Олон улсын шүүгчдийн холбооны хуралд оролцох төлөөлөгчдийн зардалд туслалцаа үүзүүсэн Шүүхийн ерөнхий зөвлөлд талархаж байгаагаа илэрхийлье.

Бүсийн уулзалт нэг өдөр үргэлжилсэн. Манай улсын харьяалагддаг  Ази, хойд америк, далайн улсуудын группын уулзалтад АНУ-ын Холбооны шүүгчдийн холбооны 6 төлөөлөгч, Канад улсын 6, Австрали улсаас 4, Тайвань улсаас 2, Казакстан улсаас 4, Пуэрто Рико улсаас 1, Монгол улсаас 2 гэх мэтчилэн улсуудын төлөөлөл оролцсон. Энэ удаагийн уулзалтад манай бүсийн нэг гишүүн болох Япон улс төлөөлөгчөө илгээж амжаагүй байсан.

Бүсийн уулзалтаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн. Энэ удаагийн Төв зөвлөлийн хуралдаанаар Олон улсын шүүгчдийн холбооны дүрэм болох Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдэх ёстой байсан учраас энэ асуудал дээр манай бүсийн групп ямар байр суурьтай байх талаар хэлэлцсэн.

Хоёрдугаарт, энэ уулзалтаар шинэ шүүгч нарыг сургаж, дадлагажуулах ямар арга, хэлбэр байгаа эсэх талаар өөрийн бүс нутгийн гишүүдийн хүрээнд судалгаа хийснийг танилцуулсан. Жишээлбэл зарим улс оронд шинээр томилогдсон шүүгчийг тухай томилогдож ирж буй шүүхийн ахмад, туршлагатай шүүгч хариуцаж аваад, шинэ ажилд томилогдсон учраас тулгарч болзошгүй сэтгэл зүйн болон ур чадварын, мэргэжлийн бүхий л асуудал дээр тусалдаг тогтолцоо байдаг юм байна. Энэ мэтчилэн шинээр томилогдож буй шүүгчдийг ямар нэгэн байдлаар шүүхийн зүгээс хариуцаж, дадлагажуулах арга, хэлбэрийн судалгааны дүнтэй танилцаж, хуралдаанаар хэлэлцсэн. Энэ судалгааг бидний зүгээс боломжоороо орчуулж, гишүүддээ танилцуулах бодолтой байгаа.

Дараагийн ээлжинд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын асуудлаар Монгол Улсын хэмжээнд шинээр хууль батлагдан, мөрдөгдөж эхлэх гэж байгаа болон гишүүн улсуудын дунд судалгаа хийснийг бүсийн хуралдаан дээр танилцуулж, хэлэлцсэн. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа олон янз байдаг юм байна. Тэр судалгааг бид боломж бололцоогоороо орчуулж, вэбсайт, и-мэйлээр дамжуулж та бүхний хүртээл болгохыг зорино.

Монголын шүүгчдийн холбоог гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэх үйл явц ямар болсон бэ.

 Бүсийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын дөрөвдүгээрт, Монголын шүүгчдийн холбоог Олон улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлэх тухай асуудал дээр бүсийн групп ямар байр суурьтай байх талаар хэлэлцсэн. Олон улсын шүүгчдийн холбооноос Монголын шүүгчдийн холбооны гаргасан өргөдлийг судлахаар 2 шалгагч томилогдон ажилласан байсан. Тэдгээр хүмүүсийн нэг болох Словен улсын Дээд шүүхийн шүүгч Маяа Тратник материалд судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсад ажиллаж, төсөл хэрэгжүүлсэн олон улсын байгууллагуудын материал, тайланд дүн шинжилгээ хийсэн байна. Нөгөө шалгагч нь болох Австрали улсын Виктория мужийн Дээд шүүхийн шүүгч Тони Пагони гэдэг хүн бол Монгол Улсад хүрэлцэн ирж, холбогдох хүмүүстэй уулзан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тайлан бэлдсэн. Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсэх гэж буй гишүүд 60 асуултад хариулдаг бөгөөд үүний материалыг Монголын шүүгчдийн холбоо бэлдэж явуулсан байсан. Тони Пагони шүүгч эдгээр 60 асуултад хариулсан мэдээллийн үнэн, бодитой эсэхийг газар дээр нь тулгаж шалгасны үндсэн дээр тайлан бэлдсэн байсан. Энэхүү тайлан Бүсийн хуралдаанаас өмнө бэлэн болсон бөгөөд хуралдаанд танилцуулагдсан. Бүсийн болон Төв зөвлөлийн уулзалтад оролцож байсан бүхий л хүмүүс, ялангуяа Олон улсын шүүгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь бидэнд хандаж “Монгол улсын талаар их сайн тайлан ирсэн. Тайлан сайн байна гэдэг нь асуудал шийдэхэд тус дөхөм болно” гэж хэлж байсан. Тайланг бүсийн хуралдаан дээр Австралийн шүүгч Тони Пагони танилцуулсан бөгөөд үүний дараа Канад, Америк, Австрал улсын төлөөллүүд Монголын төлөөлөгч нараас тодруулга асуулт асуусан. Бид Монголын шүүгчдийн холбоо хэрхэн өөрчлөгдсөн талаар, ялангуяа Монголын шүүгчдийн холбоо нь төрийн бус байгууллага болохын хувьд дүрэмдээ өөрчлөлт оруулж, сайн дурын гишүүнчэлтэй болсон, удирдах зөвлөлийг байгуулахад төрийн байгууллагаас ямар нэгэн оролдцоогүйгээр өөрсдөө санал хураалтаар шийдвэрлэдэг болсон гэх мэтчилэн өөрчлөлтүүдээ, дээрээс нь Монголын шүүх бол 1990-ээд оноос хойш анхныхаа том шинэтгэлийн үе шатанд явж байгаа бөгөөд шинээр батлагдсан 6 багц хуулийн талаар танилцуулга хийж, асуусан асуултад нь хариулсан. Ийнхүү биднийг мэдээлэл хийсний дараа Олон улсын шүүгчдийн холбооны НҮБ дэх төлөөлөгч, АНУ-ын шүүгч Жоанна Сайбэрт “Энэ жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар уулзалт болсон. Энэ уулзалт нь хууль дээдэх ёс , хүний эрхийн чиглэлээр хийсэн анх удаагийн уулзалт байсан бөгөөд тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрхийг хангах, хууль дээдлэх авлигатай тэмцэх чиглэлээр хийж буй үйл ажиллагааны талаар тавьсан илтгэл нь тухайн хуралдаанд тавьсан илтгэлүүдийн дотроос нэлээд чухал байсан” гэдгийг онцолж хэлсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс хууль шүүхийн байгууллагын талаар шинэтгэлийн хийх гэж байгаа юм байна гэсэн зүйлийг нэмж хэлж байсан.

            Гэхдээ группын хурлаар жинхэнэ гишүүнээр элсүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэдэггүй, энэ талаар санал гаргаж, Төв зөвлөлийн хурал эцсийн шийдвэр гаргадаг.

Энэ дашрамд дурдахад Монголын шүүгчдийн холбооны талаарх тайланг бүсийн хуралдаан дээр танилцуулсны дараа Монголын шүүгчдийн холбооны төлөөллөөс тодорхой асуулт, тайлбар авсан байгаа. Үүний дараа Монголын шүүгчдийн холбооны төлөөлөгчдийг хуралдааны танхимаас гаргаад, энэ хооронд хэлэлцэн, шийдвэрлэдэг юм байна.

Бүсийн хуралдаан дээр Монгол улсын шүүгчдийн холбооны төлөөллөөр оролцсон бид хоёрыг танхимаас гаргаад, асуудлыг шийдсэний дараа биднийг буцаад танхимд ороход бүх хүмүүс босоод баяр хүргэж, алга ташиж шийдвэрийг танилцуулахад бас их сайхан санагддаг юм билээ.

Мөн түүнчлэн бүсийн уулзалтаар 2 жил тутамд бүсийн ерөнхийлгөчийг сонгодог. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ази, хойд америк, далайн орнуудын бүсийн ерөнхийлөгчөөр ажилласан Канадын Онтарио мужийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Роберт Блэйрийг  дахин сонгосон. Бид өөр ажлын шугамаар Канадад ажиллахдаа энэ хүнтэй харилцаа тогтоосон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Тэгвэл Төв зөвлөлийн хурлын талаар ярилцъя.

Төв зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудлууд бол холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудын ажлын тайланг хэлэлцсэн. 2011онд Турк улсад Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалт болсон. Энэ уулзалтаас хойш холбоо юу хийж, ямар ажил амжуулсан зэрэг бүх ажлын тухай тэдгээр хүмүүсийн ажлын илтгэлтэй танилцаж, асуулт хариулт өрнөсөн. Нэг онцлог зүйл нь холбооны санхүүгийн асуудлыг тусад нь танилцуулдаг юм байна. Санхүүгийн асуудал дээр хөндлөнгийн байлгах үүднээс хуралд оролцож буй улс оруудын төлөөллөөс аудиторыг томилдог.

Хоёрдугаарт Төв зөвлөлөөр хэлэцсэн асуудал бол 4 бүсийн группуудын хуралдааны тайланг хэлэлцсэн. Үүнийг групп бүрийн ерөнхийлөгч нь тухайн групп өнгөрсөн жилийн хугацаанд ямар ажиллагаа явуулсан, ямар үр дүнд хүрсэн, уулзалтаа ямар байдлаар хийсэн, ямар судалгаанууд явуулсан зэргээ илтгэж танилцуулдаг. Энэ удаагийн Төв зөвлөлийн хуралдаанд Ази, хойд амери, далайн орнуудын бүсийн ерөнхийлөгч Канадын шүүгч Роберт Блэйр илтгэлийг тавьсан.

Өнгөрсөн хугацаанд Монголын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсэх тухай өргөдлийг судлах санхүүжилтийг Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас биш, манай групп санхүүжүүлсэн гэдгийг илтгэлд дурдсан. Улмаар Монголын шүүгчдийн холбооны талаарх тайланг бүсийн хуралдаанаар хэлэлцсэн тухай асуудлыг илтгэж танилцуулсан. Бүсийн хуралдаанаас 100 хувийн саналтайгаар Монголын шүүгчдийн холбоог Олон улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсүүлэх саналыг гаргаж байна гэсэн тайланг Төв зөвлөлийн хуралдаан дээр Роберт Блэйр шүүгч илтгэж танилцуулсан. Бүсийн хуралдаан бол энэ талаар гаргасан шийдвэрээ төв зөвлөлийн хуралдаан дээр танилцуулсан.

Тус холбоонд жинхэнэ гишүүнээр элсэх нь шалгуур өндөртэй юу, шинээр гишүүн элсүүлэхдээ ямар байр суурь баримталдаг вэ. Манай холбооны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна.

Төв зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол Олон улсын шүүгчдийн холбооны Үндсэн хууль буюу дүрмийн өөрчлөлтийн асуудал байсан. Энэ асуудал нь зөвхөн энэ жил бус 2 жилийн өмнөөс хэлэлцэгдэж, өөрчлөлтөд орох саналууд нь боловсруулагдаад, гишүүдээс саналыг аваад ажлын хэсэг байгуулагдсан байсан. Энэ удаагийн хуралдаанаар энэ дүрмийн өөрчлөлтийг санал хураалтаар эцэслэн шийдвэрлэсэн.

Тэрхүү Үндсэн хуулийн өөрчлөлт нь ямар агуулгатай байсан гэхээр өмнө нь Олон улсын шүүгчдийн холбооны гишүүнчлэл дээр маш хатуу байр суурь баримталдаг байсан. Та бүхний мэдэж байгаачлан манай холбоо 12 жилийн өмнө нэг удаа өргөдөл гаргахад гишүүнээр элсэх шаардлагыг бүрэн хангахгүй тул ажиглагч гишүүний статус олгосон байдаг. Түүнээс хойш дахин Монголын шүүгчдийн холбоо өргөдөл гаргаагүй, энэ талаар ажиллагаа хийгдээгүй байж байгаад 2011 оны эхнээс жинхэнэ гишүүнээр элсэх ажил хийгдэж эхэлсэн. Олон улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элсэх тэрхүү үндсэн шаардлага нь шүүгчдийн холбоо төрийн бус байгууллагын статустай ажилладаг байх, шүүх гэдэг төрийн байгууллагаас тусдаа бие даасан байх бөгөөд удирдах зөвлөл нь шүүхийн удирдлагаас хамааралгүйгээр гишүүд нь өөрсдөө чөлөөтэй сонгодог байх, мөн гишүүнчлэл нь сайн дурын үндсэн дээр байх ёстой гэсэн шаардлагууд байдаг.

 Өөрөөр хэлбэл шүүгчээр томилогдсон бол заавал гишүүн байх ёстой гэж үзэхгүй бөгөөд тухайн улсын шүүгчид бие дааж шийдвэр гаргах боломж, нөхцөл бүрдсэн, шүүхийн хараат бус, бие даасан байдал хангагдсан байх ёстой гэсэн тодорхой шаардлагууд тавигддаг. Олон улсын шүүгчдийн холбоонд гишүүнээр элсэх өргөдлийг улс орнуудын шүүхийн холбоод гаргаж, удаа дараалан санал хүсэлтээ тавьдаг юм байна.

Дээр дурдсан шаардлагад нийцэхгүй байгаа тохиолдол цөөнгүй бөгөөд ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд эдгээр шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр буцаагддаг тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс Европын холбооны зарим улсуудын зүгээс Олон улсын шүүгчдийн холбоо бол үндэсний шүүгчдийн холбоодыг дэмжиж, тэднийг бие даасан болохын төлөө, шүүгч нар нь олон улсын бусад хүмүүстэйгээ хөл зэрэгцэж алхах, тэднээс сурах боломжийг хангахын тулд тэдгээр улсуудын холбоог гишүүнээр элсүүлэх ёстой. Хуучин дүрмээр бол бид та нар бидний стандартад нийцэхгүй байна гэж үзээд, тэдгээр холбоодыг дэмжихгүй байгаа нь өөрөө Олон улсын шүүгчдийн холбооны зорилгод нийцэхгүй гэсэн саналын дагуу жинхэнэ гишүүн, ажиглагч гишүүн гэсэн 2 системтэй байсныг зөвхөн жинхэнэ гишүүнтэй болгох саналыг гаргаж, дүрмийн өөрчлөлт боловсруулж, хэлэлцүүлсэн байсан.

Олон улсын шүүгчдийн холбооны Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал их чухал байсан учраас бүсийн болон Төв зөвлөлийн хуралдаануудад тус асуудал нухацтайгаар хэлэлцэгдсэн. 55-р хуралдаанд нийт 70 орчим улсын шүүгчдийн холбооны төлөөлөл оролцсоноос 56 холбоо нь саналын эрхтэй буюу жинхэнэ гишүүн байсан учраас тэдгээр гишүүдийн нууц санал хураалтаар 52 гишүүн дэмжсэн саналаар Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсан. Гэхдээ манай улсын харьяалагддаг Ази, хойд америк, далайн орнуудын группын олонх гишүүд энэхүү өөрчлөлтийг дэмжихгүй байсан. Учир нь Хойд солонгос гэх зэрэгөөр бусад дарангуйлагч улсыг ижил түвшинд авч үзэж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Харин Европын холбооны зарим улсууд, Өмнөд болон төв америк, африкийн улсуудын холбоод бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийхийн төлөө байр сууринаас хандаж байсан. Яагаад гэвэд тухайн хөгжиж буй улсуудын шүүгчдийн холбоод шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр Олон улсын шүүгчдийн холбооны гишүүнээр элсээгүй нөхцөл нэлээдгүй гарч байсан юм билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт бол чухал асуудал байсан учраас нэлээд цаг хугацааг тус асуудлыг хэлэлцэхэд зарцуулсан.

Энэ удаа жинхэнэ гишүүнээр элсэх талаар Монгол, Болгар зэрэг гурван улс өргөдөл гаргасан байсан ба эдгээр улсын өргөдлийг шалгасан тайлан бэлэн болсон байсан. Ер нь Олон улсын шүүгчдийн холбооны ажиглагч гишүүнээс гурав нь жинхэнэ гишүүнээр элсэх өргөдлөө гаргаад, тэдгээрийн тайлан нь бэлэн болсон байсан юм.

Хамгийн гол асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нь дээрх гурван улсыг жинхэнэ гишүүнээр элсүүлэх тайланг сонсох, санал хураалтаар шийдэх асуудлын өмнө нь хэлэлцэгдсэн жинхэнэ гишүүн элсүүлэх асуудал Үндсэн хуулийн  өөрчлөлттэй хамт шийдвэрлэгдсэн. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал  Олон улсын шүүгчдийн холбоо нь “гишүүн” гэсэн гишүүнчлэлийн нэг системтэй болж, ажиглагч гишүүн гэж байхгүй болох байсан. Ингэснээр ажиглагч гишүүнээр элссэн байсан улсууддаа 2 жилийн хугацаатайгаар харгалзах хугацаа олгож шийдвэрлэх байсан. Яг энэ байдлаар хэлэлцсэн бол манай холбоонд ашиггүй  бөгөөд бидний хөдөлмөр үр дүнгүй болох дахиад хоёр жил хүлээх нөхцөл бий болох байсан.

Учир нь ажиглагч гишүүдийг шууд жинхэнэ гишүүнээр элсүүлэх боловч 2 жилийн хугацаанд ахин шалгалтаа явуулах, болзол нөхцөлөө хангасан эсэх талаар тайлан хэлэлцэх хугацаа тогтоохоор байсан. Гэтэл энэ асуудал дээр манай бүс буюу Ази, хойд америк, далайн орнуудын бүс групп, түүний гишүүд бүсийг толгойлж буй Австрали, Канадын төлөөлөл маш идэвхтэй ажилласны үр дүнд тайлан нь бэлэн болсон байгаа 3 гишүүнд хамаарал бүхий тодорхой болзолтойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулсан. Тэрхүү болзол нь өргөдөл өгсөн байгаа 3 орны хувьд шалгалт хийгдээд, тайлан эерэг гарч холбоо хэлэлцсэн тул 2 жилийн хугацаа эдгээр гишүүний хувьд хамаарахгүйгээр, нэгэнтээ группээрээ хэлэлцээд жинхэнэ гишүүнээр элсүүлэх шийдвэр дэмжигдэж, Төв зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж буй учраас Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт эдгээр гишүүдийг жинхэнэ гишүүнээр элсүүлэх санал хураалт явагдаж байгаа гэж тооцохоор оруулсан.

Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт жинхэнэ гишүүнээр элсүүлэх асуудал шийдэгдэж, нийтдээ 56 саналын эрхтэй гишүүн санал хураалтад оролцсоноос 52 гишүүний саналаар  2012-11-14-ний өдөр Монголын шүүгчдийн холбоо Олон улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элссэн тухай шийдвэр гарсан. Үүнийг баталгаажуулж тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас Монголын шүүгчдийн холбооны тэргүүн Б.Батцэрцэнгийн нэр дээр Вашигтон Д.Си хотод болсон 55-р уулзалтаар танай байгууллагыг жинхэнэ гишүүнээр элсүүлсэн тухай албан захидал ирсэн байгаа

Бидний цаашдаа хамтын ажиллагаа өргөжиж, бидний нийтлэг зорилго болох шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах замаар шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хангах энэ үйлсдээ гишүүний хувьд хүлээсэн үүргээ биелүүлж идэвхтэй оролцоорой гэсэн агуулга бүхий албан захидал ирүүлсэн. Хуралдааны тэмдэглэлүүдэд Монголын шүүгчдийн холбоо нь Олон улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элссэн гэдэг шийдэл нь тусгагддаг юм билээ. Үүнийг Монголын шүүгчдийн холбооны хувьд ялангуяа шүүгчдийн холбоо өөрөө шинэчлэгдэж, зорилго, зарчим, үйл ажиллагаа өөрчлөгдөж, сайн дурын төрийн бус байгууллага болсны хувьд бидний түүхэнд онцлог үйл явдал гэж холбооны удирдах зөвлөлөөөс үзэж байна. Гишүүддээ энэ талаар танилцуулахад таатай байна.

Мэдээж энэ амжилтанд хүртэл, хүндрэл бэрхшээл бишгүй л  гарч байсан байх, ямар асуудал тулгарч байв.

Тиймээ гишүүнээр элсэх асуудал өөрөө хялбар байсангүй. Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэх 55-р уулзалтын өмнө Олон улсын шүүгчдийн холбооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр тодорхой санал, захидал ирсэн байсныг бидэнд танилцуулсан. Монголын шүүх гэдэг байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байгаа учраас Монголын шүүгчдийн холбоо гэдэг байгууллагыг Олон улсын шүүгчдийн холбооны гишүүнээр элсүүлэх асуудлыг эсэргүүцэж, дэмжихгүй байна гэсэн агуулга бүхий захидлыг тодорхой хүмүүсээс ирүүлсэн байсан. Тэр захидал нь олон хуудас, англи хэл дээр боловсруулагдсан байсныг бидэнд танилцуулсан. Энэ асуудлыг Олон улсын шүүгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, манай улсын тайланг боловсруулсан  Австралийн болон Словений шүүгч нар, манай улсын багтдаг группын дарга буюу Канадын шүүгч зэрэг хүмүүсийг оролцуулсан хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг хэлсэн.

Энэ хуралдаанаар нэгдүгээрт, Монголын шүүгчдийн холбооний үйл ажиллагаатай танилцах явцад Монголд очсон хүн нь захидалд дурдаад байгаа тодорхой асуудлаар судалгаа хийсэн байна. Тийм учраас цоо шинэ зүйл биш байна. Монголын шүүхийн одоогийн байгаа байдал, энэ асуудал бол 100 хувь биш ч гэсэн судлагдсан гэж үзэж, улмаар шүүхийн хувьд зөв хандлага руу өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байгаа гэдгийг тэмдэглэсэн.

Хоёрдугаарт, шүүх гэдэг төрийн байгууллагын үйл ажиллагаатай шүүгчдийн холбоо гэдэг төрийн бус байгууллагыг шууд холбож ойлгох нь зохимжгүй байна гэсэн үндэслэлүүдээр захидлыг хэлэлцэж шийдсэн байсан. Энэ нь бидэнд бас тодорхой хэмжээний сургамжтай зүйл болж өнгөрсөн гэдгийг гишүүддээ танилцуулах нь зөв гэж бодож байна.

Олон улсын шүүгчдийн холбооны судалгааны хороо гол төлөв ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ, манай холбооны оролцоо ямар байж болох вэ.

Судалгааны хороо тусдаа салбарлаж зэрэг хуралддаг бөгөөд нийт 4 хороо хуралдахад манайхаас оролцсөн 2 төлөөлөгч тус бүр нэг хуралд нь ороцох боломжтой байсан. Судалгааны хороодын хуралдаан бүтэн өдрийн турш хуралдсан. Үүнээс гарсан дүнг Төв зөвлөлийн  хуралд танилцуулж хэлэлцдэг бөгөөд энэ нь нэлээд өргөн хүрээтэй  асуудал болдог юм байна.

Судалгааны хороо бол Олон улсын шүүгчдийн холбооны хамгийн гол зорилгод хүрдэг чухал бүтэц юм боловуу гэж үзсэн. Учир нь энэ олон улсын шүүгчдийг эгнээндээ нэгтгэсэн тул тэдний дунд нэг тодорхой асуудлаар судалгаа явуулж, тэр асуудлаар аль улсад ямар сайн туршлага байна гэдгийг гаргаж, бусад улсад түгээн дэлгэрүүлэх, хоёрдугаарт хаана, ямар улсад шүүхийн бие даасан байдалтай холбоотой асуудал гарч, түүнтэй хэрхэн тэмцэж байна гэдэг талаар бие биенд нь ойлгуулах, судлах гол бүтэц юм байна. Энэ жилийн судалгааны хороодын хуралдаан оюуны өмч гэсэн сэдвээр явагдсан. Нэгдүгээр судалгааны хороо болох шүүхийн статусын хороо буюу бие даасан хараат бус байдлын судалгааны хороо нь дагнасан шүүхийн асуудлаар хэлэцүүлэг явуулсан. Дагнасан шүүхийн асуудлаар улс орноос судалгаа авагдсан ба Монголын шүүгчдийн холбооноос би энэ хорооны хуралдаанд ороцож монголын шүүх, дагнасан шүүхийн асуудлаар ямар түвшин явж байгаагаа танилцуулсан. Дагнасан шүүхийн судалгааны асуудлаар тодорхой тайлан гарсныг бид орчуулж гишүүддээ хүргүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал хуралдаанаар дагнасан шүүхийн давуу тал, хэт дагнахаар яах вэ, хэт ерөнхий байвал ямар сул тал байна гэх мэт зүйл зүйлс яригдсан. Б.Батцэрэн шүүгч эрүүгийн эрх зүйн судалгааны хорооны хуралдаанд оролцсон. Тухайн хорооны хуралдаан Оюуны өмчийн эрх зүйн талаар судалгаа явуулсан байсан. Гэх мэтчилэн судалгааны хорооны үйл ажиллагаа бол их чухал байдаг. Судалгааны хороогоор хэлэлцсэн  судалгааны дүнг Төв зөвлөлд танилцуулан, гишүүн улсуудад тараадаг юм байна. Судалгааны хорооны хуралдааны төгсгөлд дараа жилийн судалгааны сэдвийг сонгоод, тухайн жилд сонгосон сэдвийн хүрээнд судалгааны хороог удирдаж буй хүмүүс нь судлах асуултуудаа нарийвчилж боловсруулаад гишүүн орнуудад хүргүүлдэг. Гишүүд нь тогтоосон хугацаанд судалгаа хийж, асуултын дагуу хариулах үүрэгтэй. Ажиглаж байхад судалгааны хорооны гишүүд нь англи хэлээс гадна давхар франц, испани хэлийг эзэмшсэн хүмүүс ажилладаг юм байна. Учир нь судалгаанд оролцож буй улсууд янз бүрийн хэлтэй байх бөгөөд Олон улсын шүүгчдийн холбооны үндсэн 3 хэл байгаа учраас хөрвөх чадвартай хүмүүс судалгааны хороонд ажилладаг юм байна. Яваандаа Монголын шүүгчдийн холбооны гишүүд нь судалгааны хороонд ажиллах боломжтой байх гэж найдаж байна.

Төв зөвлөлийн хурал ямар хэлээр явдаг вэ.

Ажиглаж байхад Олон улсын шүүгчдийн холбоонд улс бүрийн төлөөлөл ирдэг, хуралдаан нь англи, франц, испани гэсэн 3 хэл дээр зэрэг шууд орчуулгатайгаар явагддаг. Энэ 3 хэлийн аль нэгийг мэддэг хүн бол хурлын бүх үйл явцад оролцоод явах боломжтой. Анх Олон улсын шүүгчдийн холбоог байгуулахад дээр дурдсан гурван хэлийг үндсэн хэл байхаар тохиролцсон байдаг.

Олон улсын шүүгчдийн холбооны хуралдаан бол өөрөө их нухацтай явагддаг. Хэлэлцэж буй асуудал дээр санал их гардаг, санал хураалтыг илээр, эсвэл нууцаар явуулах асуудал чухал байдаг юм байна гэж ойлгогдсон.

Таны бодлоор хэлэлцэгдсэн асуудлуудаас өөр ач холбогдолтой асуудал юу байсан бэ.

Дэлхий нийтийн санхүүгийн хямралаас үүдэн шүүхэд учирсан бэрхшээлийн талаар Олон улсын шүүгчдийн холбоо тусгайлан хэлэлцсэн. Ялангуяа Европын шүүгчдийн холбоонд багтдаг Грек, Литви зэрэг улсын шүүгчдийн холбооноос ирүүлсэн ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн улс оронд эдинй засгинй хямралтай холбогдуулан шүүхийн төсөв, цалинг хасаж, шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн зүйлүүд гарсантай холбогдуулан тусгайлан хэлэлцсэн. Европын шүүгчдийн холбооноос Төв зөвлөлд шийдвэрийн төсөл оруулсан. Тэрхүү төсөлд Латви, Грек зэрэг улс, ерөнхийдөө эдийн засгийн хямралаас шалтгаалан шүүхий төсвийг хасах нь буруу гэж үзэж, тухайн улс орнуудын төсөв баталдаг эрх бүхий парламент, эрх мэдлийн байгуулагад хандаж, анхааруулсан, уриалсан шинжтэй шийдвэр гаргасан. Үүний хамгийн гол үндэслэл нь санхүүгийн хямрал явагдаж байгаа  гэдгээр шүүхийн төсвийн хассан нь шүүхэд мэдүүлэх хүний үндсэн эрхийг хязгаарлаж байна. Шүүхийн төсөв хассанаар шүүгч нар ажиллах боломжгүй, хуралдаан хийх боломжгүй болно. Санхүүгийн хямрал гэдгээр шалтгаалж шүүхээр асуудлаа шийдүүлэх хүний үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн зарчмаар улс орнуудын төрийн эрх мэдэлтнүүдэд хандсан шийдвэр гарсан.

Мөн хуралдаанаар шийдвэрлэсэн сүүлийн асуудал бол сонгууль байсан. Хоёроос гурван жилийн хугацаанд Олон улсын шүүгчдийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч гэсэн хүмүүсийг сонгодог юм байна. Энэ жил сонгуулийн жил таарсан бөгөөд Олон улсын шүүгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 12 жил ажилласан Италийн шүүгч Антонио Мура албаа өгсөн. Энэ хүн бол Олон улсын шүүгчдийн холбооны үйл ажиллагааг тогтворжуулах, орчин үеийн байгууллага болгоход чухал нөлөө үзүүлсэн хүн байсан. Олон улсын шүүгчдийн холбооны ажлын алба буюу нарийн бичгийн дарга нарын газар нь Итали улсад байрлаж, Италийн шүүгчдийн холбоонд тулгуурлаж үйл ажиллагаа нь явагддаг юм байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд африк тивийн төлөөлөл Олон улсын шүүгчдийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Энэ удаад Европын холбооны төлөөлөл буюу Австри улсын шүүгч, доктор Герхард Райснер гэдэг хүн Олон улсын шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон. Олон улсын шүүгчдийн холбооны дэд тэргүүнээр 2 хүн өрсөлдсөн. Нэг нь манай бүсийн дарга Роберт Блэйр, нөгөө нь Өмнөд америк төв америкийн бүсийн дарга Кристина гэж шүүгч өрсөлдсөнөөс олонхийн саналаар латин америкийн группын ахлагч тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Бүсийн ерөнхийлөгч нар холбооны дэд ерөнхийлөгчөөр явдаг юм байна. Төв зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлууд хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн.

Цааш нь Шударга Ёсны хэмжүүр сэтгүүлийн 2012 оны 12 сар №09 /009/дугаараас уншина уу

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: