Хуульчдын анхдугаар их хурал 2013 оны 9 дугаар сар 6-нд болно

2013 оны 08 сарын 14 4157 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ та бүхэнд Хуульчдын анхдугаар их хурлын талаарх мэдээллийг хүргүүлж байна.

Түүнчлэн Хурлын тов зарлах тухай сайдын тушаал, төлөөлөгч сонгох зааврын хамт /ЭНД ДАРЖ АВНА УУ/ хүргүүлж байна. Удахгүй төлөөлөгч сонгох талаар танилцуулга явуулна. 

Хуульчдын анхдугаар их хурал

2013 оны 9 дугаар сар 6-нд болно

 

 

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт, баримтлах зарчим, шаардлагуудыг тодорхой болгох, хариуцлагын үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх, энэ зорилгоор сургалт боловсролын тогтолцоог дахин авч үзэх, нөгөө талаар мэргэжилтний хараат бус ажиллах нөхцөл, дуу хоолой, төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээнд тулгуурлан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 оны 3-р сарын 7-нд Улсын их хурлаас Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хамт баталсан юм. Энэ хуулийг 2013 оны 4 дугаар сар 15-наас хэрэгжүүлж эхэлсэн.

 

Уг хуулийн гол үзэл баримтлалын дагуу хуульчийн мэргэжлийг стандартыг батлан, сахиулж ажиллах байгууллага нь мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоо байхаар заасан. Хуульчдын холбоо нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага тооцох,  хуульчийн үргэлжилсэн сургалт эрхлэх, эрх зүйн боловсролыг дэмжих,  хууль зүйн туслалцаа хүргэхэд дэмжлэг үзүүлэх, хуульчдын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.

 

Хуульчид анхдугаар их хурлаар Хуульчдын холбоогоо байгуулна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчдын анхдугаар их хурал нь  шаардлагатай дүрэм журмуудыг болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ батласнаар холбоогоо байгуулна. Энэхүү их хурлаар хуульчдын төлөөлөгчид дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  •  Хуульчдын холбооны дүрэм батлах
  • Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах
  • Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох
  • Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох
  • Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг батламжлах
  • Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах
  • Хуульчдын холбооны үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлууд.

 

Хуульчдын анхдугаар их хурлыг зохион байгуулах ажлыг хууль хэрэгжүүлэгчийн хувьд Хууль зүйн яам хариуцан зохион байгуулж байна. Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар сарын 12-ны A/174 тоот тушаалаар Хуульчдын холбоог байгуулах Хуульчдын анхдугаар их хурлыг 2013 оны 9 дүгээр сар 06-ны өдөр товлолоо.

 

Их хурлын төлөөлөгчийн сонгууль цахим хэлбэрээр явагдана

Хуульд зааснаар их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байна.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бүх хуульч нь Холбооны гишүүний хувьд тэгш эрхтэй учир төлөөлөгчийг сонгох ажиллагаа ч энэ зарчимд нийцэж явагдах ёстой. Тиймээс төлөөлөгчдийг тэгш эрхийн үндсэн дээр шударга, ил тод, ардчилсан зарчмуудыг хангасан байдлаар тодруулахын тулд Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчийн сонгох сонгуулийг цахим хэлбэрээр буюу интернэтээр явуулахаар шийдвэрлэж байна.  Өөрөөр хэлбэл төлөөлөгчид нэр дэвших, санал өгөх бүх ажиллагаа Хуульчдын нэгдсэн мэдээллийн санд байрлах санал хураалтын цахим системээр дамжуулан явагдана. Хуульчийн нэгдсэн бүртгэлд хамрагдсан бүх хуульчид уг сонгуульд оролцон нэрээ дэвшүүлэх санал өгөх эрхтэй. Хуульч нь нэгдсэн бүртгэлд үндэслэсэн цахим хувийн бүртгэлдээ нэвтрэн нэр дэвших, санал өгнө. Хувийн бүртгэлийг нэр дэвшилт эхлэх 19-ны өдөр идэвхжүүлэх бөгөөд нэвтрэх нууц үгийг 18-ны өдөр хуульч бүрийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаарт явуулна.

 

Сонгуулийн календарь:

-          2013 оны 8 дугаар  19-ны 09.00 цагаас 23-ны 22.00 цаг хүртэл нэр дэвшилт явагдана. Нэр дэвшилтийн цаг дуусмагц вебсайтад нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт нийтлэгдэнэ.

-          2013 оны 8 дугаар сар 26-ны өдөр нэр дэвшигчдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана

-          2013 оны 8 дугаар сар 27-ны 09.00 цагаас 30-ны 22.00 цаг хүртэл санал хураалт явагдана.

-          2013 оны 8 дугаар сар 31-нд их хурлын төлөөлөгчдийн нэрсийг зарлана.

 

Сонгуулийн талаар лавлах утас 1982

 



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: