Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцоно уу

2013 оны 09 сарын 18 4133 удаа нээгдсэн

Хуульчдын Анхдугаар их хурлын төлөөлөгчид Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийг нийт хуульчдын дунд хэлэлцүүлэх, сайжруулах нь зүйтэй гэж үзэн хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, шүүгч, прокурорыг багтаасан 20 төлөөлөгчид үндсэн ажлын хэсэгт сайн дураараа орж ажиллахаа илэрхийлсэн. Үндсэн ажлын хэсэг хурал дээр гарсан санал дээр үндэслэн дүрмийн төслийг бүхэлд нь хэлэлцэж сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ажиллахаа илэрхийлсэн төлөөлөгчид боломжоороо уулзалтад биечлэн ирэх, саналаа бичгээс эсхүл цахим хэлбэрээр өгөх байдлаар оролцож байна.

Ажлын хэсэг төсөл дээр ажиллахын хажуугаар нийт хуульчдынхаа саналыг гурван хэлбэрээр авахаар шийдвэрлэсэн. Хуралдаан завсарлаж дуусах хүртэлх хугацаанд дүрмийн төсөлтэй холбоотой саналыг khuulichiinyoszui@gmail.com гэсэн имэйл хаягаар тогтмол авч байна. Түүнчлэн, Монголын Шүүгчдийн холбоо, Прокуроруудын холбоо, Өмгөөлөгчдийн Холбоо, Банкны хуульчдын холбоо зэрэг хуульчид сайн дураараа нэгдэж байгуулсан төрийн бус байгууллагууд руу дүрмийн төслийг явуулж 9 сарын 23-ны дотор саналыг нь авна. Энэхүү саналыг тус бүрт нь ажлын хэсэг дээр хэлэлцэнэ. Ийнхүү нэмж засварласан төслийн хувилбарыг интернетэд тавьж нийт хуульчид, Их хурлын төлөөлөгчдөд танилцуулаад нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуульчдын анхдугаар их хурал хуульчдийн өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг зарчим, ёс зүйн хэм хэмжээ, тусгайлсан үүргийг тогтоох Хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах билээ. Энэхүү дүрмийн төсөл боловсруулах үйл явцад Анхдугаар хурлын төлөөлөгчид болон нийт хуульчид идэвхитэй оролцоно уу.

Ажлын хэсэг


Дүрмийн төслийг энд дарж татаж авна уу

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: